Монголын волейболын холбоо, "Витафит групп" хамтран зохион байгуулж буй волейболын “Намрын тэргүүн” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд аравдугаар сарын 14-31-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, ИНЕГ “Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”, ДЦС-4 ТӨХК-ий “Эрчим” болон “Хасу Мегастарс багууд өрсөлдөв. “Намрын тэргүүн” тэмцээнд өрсөлдөхөөр “Энагурэ”, “Монти”, “Эрчим” гурваас өөр клуб мэдүүлгээ өгөөгүй тул эмэгтэйүүдийн ангиллын тэмцээн болоогүй юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдсөнөөс “Эрчим” алт, “Алтайн барс-2” мөнгө, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртэв.
Уг тэмцээний урьдчилсан тоглолтыг хоёр тойргийн турш явуулж, тойрог тус бүрт багуудын эзэлсэн нийлбэр дүнгээр эхний хоёрт жагссан багууд алтын төлөө, дараагийн хоёр байрт бичигдсэн багууд хүрлийн төлөө тоглох байсан юм. Харин тэмцээний үеэр уг дүрэмтэй холбоотой үл ойлголцол зарим нэг багуудын дунд гарсан байна. Зургаадугаар тойрогт “Хасу Мегастарс”-тай тоглох байсан “Хангарьд Харх” баг уг дүрмийг өөрчлөхийг шаардаж, тоглохоос татгалзсан тул шүүгчдийн шийдвэрээр тус багт техникийн хожигдол өгчээ.
Ингээд хоёр тойргийн нийлбэр дүнгээр тэргүүлсэн “Алтайн барс-2”, “Эрчим” багууд аваргын төлөө хүч сорив. Тэд бие биенээ харилцан нэг нэг хожоод байсан бөгөөд тэмцээний дүрмийн дагуу түрүүлж, хоёр хожсон нь алтан медаль хүртэх байсан. Шийдвэрлэх гурав дахь тоглолт өнгөрөгч баасан гаригт/10,31/ болж, “Эрчим”-ийн волейболчид өрсөлдөгчдөдөө ганц ч сет алдалгүй 3:0-оор хожсоноор аварга боллоо.
Хүрэл медалийн төлөө “Хасумегастарс”, “Алтайн барс-1” багууд өрсөлдөв. Шийдвэрлэх хоёр тоглолтод “Хасумегастарс” баг 2:0-оор ялалт байгуулснаар хүрэл медалийг хүртсэн юм.
Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Д.Баасансүрэн (“Эрчим”), довтлогчоор А.Мөнхбаатар (“Алтайн барс-2”), холбогчоор Г.Наранбаяр (“Алтайн барс-2”), давуулагчаар Э.Сайханбаатар (“Алтайн барс-1”), хамгаалагчаар Т.Отгонтөгс Т.Отгонтөгс ("Эрчим"), тэгш тоглогчоор М.Цэрэнбаатар ("Хасумегастарс"), хаагчаар Бат-Эрдэнэ (“Эрчим”) нар тус тус шалгарлаа.
Ч.БОЛОР