Үйлдвэржилтийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Үйлдвэржилтийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна

Үйлдвэрлэгч улс орнуудын нийтлэг тал нь ард иргэдийн тогтвортой амьжиргаа байдаг. Үйлдвэржсэн эдийн засаг зах зээлийн үнийн хэлбэлзлээс бараг хамаардаггүй. Экспортолж байгаа бүтээгдэхүүндээ үнэ цэнэ, техник технологи шингээдэг учраас илүү үнэ хүрдэг. Ийм нөхцөлд хангалттай хуримтлал, валютын нөөц бүрдүүлэх боломжтой.

Монгол Улсын эдийн засаг савалгаа ихтэй, эмзэг байгаагийн нэг шалтгаан нь бид бүтээдэггүйд л байгаа юм.

Үйлдвэрлэлийн салбарын бүтээж буй ДНБ-д эзлэх үнэ цэнээр бид тун дорой,  өр ихтэй ядуу орнуудынхаас ч доогууо түвшинд байна. Өрийн хэмжээ ихэсвэл хуримтлал бий болгож үйлдвэрлэлд зарах боломж бүр л багасна.

Монголын эдийн засаг бол одоохондоо хэрэглэгч эдийн засаг. Наад захын бүх хэрэглээгээ гаднаас авдаг учраас олон улсын зах зээлийн хямралыг дагаж хямардаг, савлагаа ихтэй. Байгаа мөнгөө шавхан гаднаас бараа импортлоход зарцуулдаг тул валютын хуримтлал үүсэхгүй. Өндөр өртөгтэй, эцсийн бараа бүтээгдэхүүн импортолдог учир дотоодын үнэ ханш, борлуулалтын орлогод өртгийн эзлэх хувь их. Ийм улс орныг яваандаа амьжиргааны үнэ өртөг хамгийн өндөртэй улсын тоонд орох зам нь шулуудчихсан гэж хэлж болох юм.

Яаж ийгээд мөнгө олох амархан арга зам бодоод байгаа болохоос ядаж л арван жилийн цаадах ирээдүйгээ харах нүд дутаад байна уу даа.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь, өмнөх онтой харьцуулбал

Мэдээллийн эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Статистиктйн Хороо, www.1212.mn-ийн өгөгдөл

Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнэ асар их хэлбэлзэж, байгаа нь түүхий эд, материалын импортоос хэт хамааралтай байгаа нөхцөлд цаашид эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлын баталгаа болж чадахгүйг харуулж байна.

Энэ байдлаас гарах гол арга зам нь үнэ цэнийн сүлжээ буюу харилцан бие биеэ дэмждэг салбаруудыг, өөрөөр хэлбэл кластеруудыг бий болгох явдал юм.

Ганцхан худалдан авагч, ганцхан зах зээлээс хараат байхын гашуун сургамж олон улсын худалдааны практикт олон бий. Үүнийг ч цаашид анхаарах хэрэгтэй болж байна.

Сүүлийн 50 жилд Монгол Улсын экспортын бүтэц бараг өөрчлөгдөөгүй, бусад орнуудтай харьцуулахад хэтэрхий удаан байна. 1990 оноос өмнөхийг эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос шалтгаалсан гэж үзэх боломжтой. Гэтэл 1990 оноос хойш экспортын сагсанд шинэ бүтээгдэхүүн нэмэгдээгүй байсаар.

Монгол Улсын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх орон зайн тооцооллын үр дүн

Олон улсын худалдааны ангиллаар бүх улсуудын гадаад худалдааны бүтээгдэхүүний орлогын үзүүлэлтээс зохиогчийн хийсэн тооцоо (Харвардын Их сургуулийн Олон Улсын Хөгжлийн Төвийн арга)

1965 оноос 2008 оны хугацаанд олон улсын зах зээлд Монгол Улс эзлэх байр сууриа ахиулж, экспортын сагсаа баяжуулж чадсангүй. Үүний гол шалтгаан нь Монгол Улс шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих, цаашид төрөлжин хөгжих боломжтой суурь технологийг эзэмшээгүй, өөрөөр хэлбэл суурь чадавхийг бий болгоогүй явдал юм.

Суурь чадавхийг бий болгохгүйгээр өндөр түвшний технологи руу шууд орох боломжгүй. Хадаасаа үйлдвэрлээгүй байж шууд онгоцны эд анги үйлдвэрлэдэггүй. Эхлээд тодорхой түвшний технологи эзэмшиж, бага багаар ахиулж байж хүмүүс нь ч сурдаг, менежмент, технологи жигдэрдгийг олон улсын туршлага нотлоод байна. Төмрөө боловсруулж байж, гангийн үйлдвэрлэл, цаашилбал төмрөөр хийсэн эд анги үйлдвэрлэх боломжтой болно. Нефтиэ өөрсдөө боловсруулж байж, үйлдвэрлэл, тээврийн суурь зардлаа бууруулна.

Нефть боловсруулах, нүүрсээр ажиллдадаг станцаа нэмж эрчим хүчний хүчин чадлаа өсгөх, төмөр, зэсээ боловсруулах, хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулж экспортлох суурь ажлуудыг бид яагаад хийж чадахгүй байна вэ?

Өнөөг хүртэл бид үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэржилтийн асуудал нэгдсэн бодлого зохицуулалтгүй байна. Ийш тийш үсчээд, тухайн үед хэн нэгний санаанд орж ирснээр л ажиллах гэж оролдоод байснаас алсын том зургаа олж харсан, нэгдсэн төлөвлөгөө байсангүй. Эхлээд юуг хийх, дараа нь юуг хийх нь тодорхойгүй байсаар иржээ. Улс төржих, эрх мэдэлтэн нутаг нуга руугаа чангааж гүйх нөхцөл боломж эндээс л үүддэг. Хангалттай эдийн засгийн, технологийн тооцоо судалгаагүйгээр шийдвэр гарч байснаас л болоод өнөөдөр бид ийм түвшинд байна.  

Үйлдвэр гэхээр гадны мөнгөтэй нэгэн орж ирээд хийчихнэ, зөвхөн мөнгөний асуудал гэж хуумгай ойлгоод байна. Дотоодын нөөц боломж ч нэг үеэ бодвол сайжирсан. Мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх, түүхий эдийн хангамж, дэд бүтэц (эрчим хүч, зам харилцаа, усны хангамж, цэвэрлэх байгууламж) зэрэг олон асуудал бий.

Ийм өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хувийн хэвшлийн аль нэг аж ахуйн нэгж дангаараа шийдчихнэ гэж хүлээх нь боломжгүй. Үүнд заавал төрийн оролцоо, зохицуулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлд чиглүүлэх, стандартаа шинэчлэх, технологийн цаашдын хандлагын тухай судалгаагаар хангах, хамтын ажиллагааг дэмжих гээд олон ажил үүрэг хүлээж байна.

Эдийн засгийн нөөц боломжийг үйлдвэржилт рүү чиглүүлэх шаардлагатай. Өнөөгийн байдлаар богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой барилга, үл хөдлөх хөрөнгө худалдаа руу л дотоодын хөрөнгө оруулалт чиглээд байна. Ямар ч утгаар үйлдвэрлэлтэй адилхан бүтээмжтэй, ашигтай, бас ирээдүйтэй байж чадахгүй. 

Үйлдвэржилтийн нэгдсэн бодлогыг яаралтай боловсруулья

Эдийн засгийн хүч чадлыг тарамдахгүйгээр цөөн чиглэлд зорилготойгоор ажиллая. Дотоодын хөрөнгө оруулалтыг үүнд чиглүүлье. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ч бас үйлдвэрлэл рүү хандуулья. Хүнээ бас бэлдэхгүй бол оройтож байна. Улс даяараа хүчээ дайчлахын тулд юуны өмнө улс төрчид нэгдмэл ойлголцолд хүрэх нь чухал байна.

Үйлдвэржилтийн нэгдсэн бодлого хэрэгжих суурь нөхцөл нь эдийн засгийн бодит боломж бололцоонд нийцүүлж төлөвлөх явдал. Байгалийн нөөц нөхцөл, хүрээлэн буй орчны даац, баялгийн судалгаа үнэлгээ, технологийн зураглал, боломжит зах зээлийн судалгаанд тулгуурлан үйлдвэржих чиглэлийг сонгоё. Энэ ажлыг мэргэжлийн судалгааны байгууллагууд, төрийн байгууллагууд хийг.

Үйлдвэржих чиглэл бүрээр ч бас нарийвчилсан үнэлгээ хийж, үе шатуудыг хооронд нь уялдуулах хэрэгцээ бий.

Зам, эрчим хүч, бусад чиглэлийн хөрөнгө оруулалтын бодлогыг үйлдвэржилтийн нэгдсэн бодлогод уялдуулбал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж нь сайжирна.

Нэг үйлдвэрийн эдийн засгийн үр ашгаас гадна үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээний үр ашгийг тооцож төлөвлөх нь цаашид үйлдвэрлэл хөгжих үндэс болно. Төмөр боловсруулах үйлдвэрлэл, эсвэл зэс хайлуулах үйлдвэр дангаараа ашиг муутай байж болох ч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх шатуудыг оруулж тооцвол огт өөр дүр зураг харагддаг.

Үйлдвэржилтийн нэгдсэн бодлогын дагуу үйлдвэржих стратегийн чиглэл тус бүрээр зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх нь цаасан дээр үлдэх биш, бодитойгоор хэрэгжих гол үндэс болно. Тэгэхдээ энэ хөтөлбөрүүд салбарын яамдын ажил үүрэг гэхээсээ илүү Засгийн газрын түвшинд нэгтгэж зангидах, хатуу хяналттай хэрэгжүүлэх ажил мөнөөс мөн.

Үйлдвэрлэлийг дэмжих оролдлогуудыг уялдуулах, нэгдмэл нэг бодлого боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улс олон улсын зах зээлд цаашид ямар байр суурьтай байхаа тодорхойлох цаг нэгэнт болчихжээ.

Б.Энхбайгаль
Доктор, дэд профессор,
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж