Сөрөг хүчин нэг сая хүнийг Бангкокийн гудамжинд гаргана | News.MN

Сөрөг хүчин нэг сая хүнийг Бангкокийн гудамжинд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин нэг сая хүнийг Бангкокийн гудамжинд гаргана

Дарангуйллын эсрэг ардчил­лын төлөөх сөрөг хүчний нэгд­сэн фронт (улаан цамцтанууд) ирэх 14-ний өдөр Засгийн газрын эсрэг жагсаалд нэг сая хүртэл хүнийг гарган Апхисита Веча­чивагийн Засгийн газрыг унатал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэ­лүүд бичиж байна.
Сөрөг хүчин өөрийн лидер Таксин Чинаватад шүүх ял өгч хөрөнгийн тал хувийг нь хураа­сан хоёрдугаар сарын 26-нд олон нийтийн эсэргүүцлийг хий­хээр төлөвлөсөн байв. Гэвч эсэргүүц­лийн ажиллагааг гурав­дугаар сарын 12-14-ний дотор хийхээр шийд­сэн гэнэ. Тэр өдөр сөрөг хү­чин ч, Засгийн газар нь ч Чина­ватыг дэмжигч ба эсрэг та­лынхны хооронд сэтгэлийн хөөр­лийн улмаас үймээн гарч магад­гүй хэмээн болгоом­жил­сон бай­на. “Жагсаал, цуглаан ялах хүрт­лээ буюу Апхисита Веча­чивагийн Засгийн газар парламентыг та­рааж, шинэ сон­гуулийг зарлатал үргэлжилнэ. Бид тайвнаар эхлэн тайван замаар зорьсондоо хүр­нэ” гэж Фронтын удирдлагын нэг Натт­хавут Сайкуа хэлснийг “Bangkok Post” сонин ишлэсэн байна. Улаан цамцтануудын удир­даг­чид Бангкокийн жагсаалд мужуу­даас хүмүүс ирнэ гэж мэдэгдэв. Бангкок болон бусад хотуудын оршин суугчид, фер­ме­рүүдээс гадна эсэргүүцэлд 20 мянга орчим лам нар оролцох гэнэ. Фермерүүд өөрсдийн трак­то­раар хотод орж ирэхээр бэлтгэж байна хэмээн сони­нуудад мэдээлэв.
Нийслэлийн Санам Луанг-гийн төв талбайгаас шинэчлэгч ван V Рамын морьтой хөшөөтөй Вангийн талбай хүртэлх хотын түүхэн хэсгийн ихэнх нь сөрөг хүчний эсэргүүцлийн талбар болох гэнэ. Тэнд Засгийн газар ба парламент болон олон яамд байрладаг. Мөн тэнд хуурай замын цэргийн гвардийн хэд хэдэн анги байрладаг ажээ. Засгийн газар сөрөг хүчний жагсаалд бас бэлтгэж байна. Ерөнхий сайд Вечачива баасан гаригт сэтгүүлч нарт мэдээлэл хийхдээ хотын автомашины хөдөлгөөнийг жагсагчид хаавал түүнийг олон нийтийн хэв журам зөрчсөнд тооцно гэсэн тухай “Тхаи Ра” сонинд өгүүлсэн бай­на. Уг сонины мэдээгээр Үндэс­ний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын ор­логч Сутхеп Тхыаксубан гурав­дугаар сарын 12-14-нд нийслэлд ирж буй машин техникт хууль бусаар зэр зэвсэг байгаа эсэ­хэд шалгалт хийнэ гэжээ. Мөн тэрээр лам нарыг жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг уриалсан байна. Жагсаалд орол­цох нь “лам хүний намба биш” гэж тэр хэлжээ.
Ерөнхий сайдын орлогч улаан цамцтануудад хандан Бангкокт ирэхдээ улсын болон хувийн тээврийн унаагаар ирэх, хэрэв өөрсдийн машин, трак­тораар ирэхээр болбол тэдгээ­рийгээ хотын гаднах тусгай зогсоо­луудад тавихыг уриалав. Тусгай зогсоолоос сөрөг хүч­ний­хэнд үнэгүй автобус үйлчлэн тэд­нийг Бангкокт хүргэж байх болно гэж эрх баригчид амлаад байна. Энэ бүх арга хэмжээг хотод замын түгжрэл гаргахгүйн үүднээс Засгийн газар хийх юм байна. Хэрэв “улаан цамц­та­нууд” хотын хөдөлгөөнийг хаах юм бол тэр нь парламентыг тараан Засгийн газрыг огц­руу­лахад хүргэж магадгүйг уг сонин онцолсон байна. “Хэсэг бүлэг хүмүүс өөрчлөлд хүргэх үймээ­нийг хүсээд байна гэж би бодож байна. Засгийн газар үүнийг хийлгэхгүй” хэмээн Ерөнхий сайд хэлснийг Bangkok Post сонинд бичив.
2006 оны цэргийн эргэлтээр буулгагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талын сөрөг хүчин болох “улаан цамцтанууд” тус оронд шинэ Үндсэн хуулийг 2007 онд баталсан ч ардчилал бүрэн сэргэгдээгүй гэж үзэж байгаа. Тэд парламентыг тараан шинэ сонгууль явуулж, 1997 оны Үндсэн хуулийг сэргээхийг шаардаж байна. Цэргийн эргэл­тээс хойш гадаадад орогносон Чинават “улаан цамцтануудын” олон нийтийн хөдөлгөөнөөс гадна парламентын “Пхыа Тхаи” (Тайландын тусын тулд) гэсэн сөрөг намыг удирддаж байна. 2007 онд Тайландын шүүх зас­гийн эрхэнд байхдаа эхнэрээрээ үл хөдлөх хөрөнгийн “инсайдын” арилжааг хийлгэсэн гээд хоёр жилийн эчнээ ялыг Чинаватад өгчээ. Улс төрийн чухал албаны хүмүүсийн хэргийг хариуцсан Тайландын Дээд шүүхийн  тус­гай коллеги хоёрдугаар сарын 26-ны өдөр Чинаватын хөрөн­гөөс (ойролцоогоор 2,45 тэрбум ам.доллар) 1,5 бумыг хураах шийдвэр гаргасан юм. Чинават албан тушаалаа урвуулан ашиг­лаж, Ерөнхий сайд болох үедээ хөрөнгө, орлогоо нуусан буруу­тай гэж шүүх үзжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж