МАН-ын гишүүд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.11.02-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

 

Монгол Ардын намын Удирдах зөвлөл,  Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллээр хангах, тэдний санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах  зорилго бүхий “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг аймаг, нийслэл дүүрэгт очиж ажиллах юм.

Аяны үйл ажиллагаа 10 сарын 13-нд Дорноговь аймгаас эхэлж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгуудад үргэлжилжээ. Харин 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт “Иргэдийн цаг” аян тохиов.

Сүхбаатар дүүргийн 20 хороотой. МАН-ын бүлгийн дэд дарга  Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг 1, 2, 3, 4, 5-дугаар хороонд, УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг 6,7,8,9,10 дугаар хороонд, ДНХ-ны дарга Г.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн 11,12,13,14-р хороонд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүнтэй ажлын хэсэг 15,16,17,18,19,20-р хороонд тус тус ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 16-р хороонд УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм. Иргэд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ нэн тулгамсан асуудал болж байгааг бухимдаж байв. Энэ хавийн сургуулиуд 3 ээлжээр хичээллэдэг. Нэг анги дүүргэлт 50-60 хүүхэдтэй. Оройн ээлжийн хүүхдүүдийн хичээл 20 цагт дуусдаг гэх мэт хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бололцоо хангагдахгүй байгаа талаар ярьлаа.

16-р хорооны иргэн Батцэцэг:

Тус цэцэрлэг нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай канад технологиор шинэ байр баригдаж дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй шалтгаанаар ашиглалтанд ороогүй өнөөдрийг хүрсэн. 100 хүүхэд бүртгэж авсан. Эцэг эхчүүд бид хонон өнжин, зодолдон нүдэлдэн байж сарын өмнө хүүхдээ бүртгүүлсэн боловч хүүхдээ аваагүй, бидний жаргалант ирээдүй болсон үр хүүхдүүд маань гадаа гудамжинд шороо ухаад л сууж байна. Гэртээ цоожтой. Энэ хороонд 0-5 насны 2560 хүүхэд амьдардаг, хорооны хэмжээнд ганцхан энэ цэцэрлэг байдаг, сургууль ер байдаггүй, манай хүүхэд ирэх жил сургуульд орно, цэцэрлэг дамжаагүй, ямарч бэлтгэлд суугаагүй энэ хүүхдийн ирээдүй их бүрхэг байна.Яагаад ийм байдалд хүрснийг та бүхэн одоо шийдэж бидэнд гарцыг гаргаж өгнө үү. Цэцэрлэг нээгдвэл эцэг эхчүүд ажилтай болно, орлоготой болно, залуучууд гэрээрээ хүүхдээ хараад сууж байна. Уул нь цэцэрлэг нээхэд бэлэн ажилтан, албан хаагчид нь бэлтгэгдсэн байгаа боловч энэ хорооноос УИХ-д сууж байгаа БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр байгаа мөртлөө ирж уулздаггүй, энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна гэлээ.

Тус дүүрэгт тулгамдсан нэг асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,15,16,17-р хороонд дахин төлөвлөлт хийгдэж байгаа аж. Энэ хэсэгт МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, нийслэлийн МАН-ын дад дарга Энхтөр, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар нар ажиллаж иргэдийн санал хүсэлттэй танилцан, холбогдох асуудлуудад хариулт өглөө.

Энэ тухай 11-р хорооны Иргэн Сайханцэцэгийн яриаг товчлон хүргэе.

Ард иргэдтэйгээ нүүр тулж уулзаж байгаад талархаж байна. 2012 оны сонгуулиар гэр хорооллыг барилгажуулна гээд л Э.Бат-Үүл ард иргэддээ том том айхтар айхтар юм амлан гарсан. Одоо хүртэл байхгүй. Газрыг чинь үнэгүйдүүлэх гэж байна. 100000 мянгаар өгч болохгүй доод тал нь 400-500 мянган төгрөгөөр газрыг чинь авнаа. Та нар намайг гаргачих би та нарын асуудлыг чинь шийдээд өгнө гэсэн одоо хүртэл байхгүй. Тэгсэн чинь төр биш компаниуп ирчихээд газрыг маань бүүр хямд өртөгөөр авах гэж дайрч байна. Энд газрын дээрэм болж байна. Манай 11-р хороонд  Алтайн гудамжийг “Асар Өргөө” ХХК авсан  400м2 газартай 1 өрөө байр өгнө гэж байгаан тэр газартаа манайх өчнөөн ам бүлтэй үр хүүхэд байна, ах дүү нар байна тэр газар дээрээ бид нар болоод байсан 1 өрөө байранд бид нар хаана нь багталцах вэ ? Э.Бат-Үүлийг ирж уулзахад энэ асуудлыг хэлэхэд битгий улс төржөөд бай гэсэн хариултыг өгсөн. Сонгуулиар хэлж гарсан үгэндээ хүрээсэй гэж бид нар хүсэж, шаардаж байна. Бат-үүлээ таны  хэлснээр газар хар машинтай хүмүүс хаалгыг чинь тогшоод газрыг чинь авий 400-500 мянган төгрөг бариад ороод ирнэ гэсэн хаана байна гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Passage” худалдааны төвийн түрээслэгчидтэй уулзлаа.

Долларын ханш өссөнөөс бараа таваарын үнэ өсөж байна. Үүнийн өсөлтийг дагаад үнээ нэмэх гэхээр иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нэмэхгүй гэхээр өөрсдөө амжиргаагүй амьдрал хүнд болж байна. Үнэ нэмээгүй байсан ч иргэдийн худалдан авах чадвар 4 дахин буурсан гэж үзэж байгаа. Түрээс маш их нэмэгдэж байна. Банкнаас зээл авах гэхээр зээл олдохгүй, олдлоо гэхэд 5-хан сая төгрөгийн зээл олдож байна. Миний хувьд гурил махныхаа мөнгийг арай гэж олж байна. Татвар мөнгөө өгдөг. Сардаа 5000-10000 төгрөгийн татвар өгдөг. Ард түмний амьдралыг сайн бодож бодлого шийдвэрээ гаргаж байхгүй бол махныхаа мөнгийг дийлхээ байлаа. Түрээсийн мөнгийг зээлээр төлж байна. Мөн түрээсийн төлбөрөө 2 сар өгч чадаагүй түрээслэгч ч зөндөө байна. Гараад явчий гэхээр энэ байгууллага түрээсийн мөнгөө авч чадахгүй өгье гэхээр өгч чадахгүй иймэрхүү байдалтай байна. Өр зээлнээс гарч чадахаа байлаа. Оймс гэхэд л 2500-гаар 2 жилийн өмнө зардаг байсан бол одоо 6000 төгрөг болсон гэтэл иргэд хуучин юмаа өмсөөд л шинэ юм авахгүй хоол биш болохоор гүрийгээд л явж байна. Манай худалдааны төв бол хотын төвийн боломжтой иргэд амьдардаг гэтэл ингэж доройтож байна. Бид нар сүүг 750 авдаг байсан бол одоо 2000 гарчихлаа. Бүх хүмүүс ийм байгаа. Ард түмэн чинь хэлье гээд хэлж чадахгүй хоорондоо л их яриад байдаг.

Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах оюутны байрны өмнөх талбайд УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаа. оюутан залуус УИХ-ын гишүүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаа илэрхийлж байлаа. Тэд ээж аавынхаа цалин нэмэгддэгүй хэрнээ сургалтын төлбөр өсөөөд байдаг, сургалтын чанарт ахиц гарахгүй байгаа талаар ярьсан. Биеийн тамирын талбайтай, хичээлээ давтах номын сантай оюутны цогцолбортой болохыг хүсч байгаагаа илэрхийлээд авсан. Оюутнуудын хүүхдүүдийг хардаг тусгай цэцэрлэгтэй болох гэх мэт нийгмийн асуудлыг УИХ-д уламжилж өгөөч хэмээн хүсч байлаа.

ШУТИС-ын оюутан Т.Гантулга:

Сургалтын төлбөр ямар ч үндэслэлгүй жил ирэх болгон нэмэгддэг. Мөнгөндөө таарсан чанартай боловсролыг сургууль өгч чаддаггүй. Сургууль санхүүгийн тайлангаа огт тавьдаггүй. Оюутны байранд засвар хийдэггүй. Харуул хамгаалалт аюулгүй байдлыг хангах талаар ямар ч ажил хийгддэггүй. Сар болгоны тэтгэлэг цагтаа орж ирдэггүй гэлээ.  Төгсөөд ажлын байрны хүрэлцээ муутай. Дээд боловсролын үнэгүйдлийг арилгах тал дээр бодлогоор зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тавьж байв.

Түүнчлэн иргэд Шинэчлэлийн Засгийн газрын оновчгүй, буруу, алдаатай бодлогын хор уршгаар иргэдийн аж амьдрал доройтож, дотоодын үйлдвэрлэгчид, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа тухай бухимдалтай ярьж байна. 

Хорооны үйл ажиллагаа иргэдэд хүрч ажиллахаа байсан, АН-ыг дэмждэг л бол мэдлэг боловсрол, мэргэшил туршлагыг үл харгалзан, боловсрол нимгэн хүмүүсийг төрийн албанд авч, төрийн бүтцийг данхайлгаж, авлига хүнд суртлыг өөгшүүлж, төрийн албаны чадавхийг эрс сулруулж байгаа талаар сэтгэл зовиноцгоож байв.

Сүхбаатар дүүргийн засаг дарга, ИТХ-ын дарга нар сонгогчдын итгэлийг хүлээж, олонхийн санал авсан нэр дэвшигчдийг хүртэл тангаргийг нь өргүүлэхгүй, бүрэн эрхийг нь буцаан татах зэрэг хууль бус үйлдэл гаргахдаа гаршиж байгаа талаар ам уралдан ярьж байлаа. Тус дүүрэгт МАН-ын 15 төлөөлөгч сонгогдсон боловч 4 төлөөлөгчийг ДИТХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа гэнэ.

“Чингис бонд”, “Самурай бонд” зэрэг ард түмнийг өрөнд оруулан байж авсан тэр их мөнгөний урсгал яаж ямар арга замаар, юунд зарцуулсан бэ гэх мэт асуудлаар  гишүүдээс тайлбар авахыг хүсч байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж