Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 177.9 км авто замыг нээлээ
Сүхбаатар аймгийн төвд өчигдөр Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслол боллоо.
Тус аймагт ажиллаж буй Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэхүү замын нээлтэд оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ,
–"Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. 2013 онд Дундговь, Баянхонгор аймгийг холбосон бол 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн төвийг нийслэл хоттой холбох 296 км авто замын хөдөлгөөнийг нээсэн. Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийг холбосон авто зам ашиглалтад орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байна. “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниуд энэхүү зам барилгын ажлыг гүйцэтгэгчээр болон зам барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажиллажээ.
Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 87.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд “Чингис” бондоос 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Энэхүү 177.9 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч “Арж капитал” ХХК 132.6 км, “Түм арвижих” ХХК 45.3 км авто замыг барьсан бол “Эм Ай Эл” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-иуд хяналтын зөвлөхөөр ажиллажээ.
Сүхбаатар аймгийг нийслэл хоттой холбох авто замын томоохон бүтээн байгуулалтын ажилд 650 гаруй инженер техникийн ажилчид болон мэргэжилтэн, туслах ажилчид ажиллаж, 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмж ашиглагдсан байна.
Эх сурвалж: open.parliament.mn