Б.Мөнхжин өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Б.Мөнхжин өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн аваргын мөнгөн медальт Баатаархүүгийн Мөнхжин.

Эстони улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Өнгөрөгч аравдугаар сарын 26-нд эхэлсэн тус тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөнөөс охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.

Б.Мөнхжин сүүлийн 5 өрөгт ОХУ, Голланд, Беларусь, Латви, Казахстаны хүүхдүүдийг дараалан хожиж, мөнгөн медаль хүртсэн байна.

Манай улсаас 12 даамчин өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос нэг мөнгөн медаль, нэг шагналт V байр эзэлсэн амжилтыг үзүүлэв. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Г.Дүүрэнбилэг IX байрт шалгарлаа.

Энэ оны зургадугаар сард Тайландад болсон Азийн аваргаас алтан медаль хүртсэн Баатархүүгийн Мөнхжин ийнхүү дэлхийн аваргын медальтан боллоо. Тэрээр өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна. 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Дүүрэнбилэг дэд байрт шалгарч байсан юм. Харин том нас буюу 17 насанд Монголоос гурван медальтан төржээ.

2014 оны өсвөрийн ДАШТ-д Монгол Улсаас 12 даамчин оролцсон бөгөөд амжилтыг танилцуулья:

Хөвгүүд

8-10 нас: (28 даамчин)

Э.Үйлстөгөлдөр 12 оноогоор V байр (4 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол)

Б.Сүхбат 10 оноогоор X байр (4+2+3)

Б.Баярмагнай 8 оноогоор XVII байр (3+2+4)

 

11-13 нас: (31 даамчин)

Ц.Чинзориг 11 оноогоор XI (4+2+3)

С.Мөнх-Оргил 8 оноогоор XXIII (2+4+3)

М.Лувсандорж 8 оноогоор XXVII (2+4+3)

 

Охид:

8-10 нас: (28 даамчин)

Б.Мөнхжин 14 оноогоор МӨНГӨН медаль (7+0+2)

Б.Өнөржаргал 10 оноогоор IX байр (5+0+4)

Б.Мишээл 10 оноогоор XI байр (4+2+3)

 

11-13 нас (28 даамчин)

С.Энхтүвшин 10 оноогоор VII байр (3+4+2)

Г.Дүүрэнбилэг 10 оноогоор IX байр (2+6+1)

Э.Маргад 10 оноогоор X байр (4+2+3) тус тус шалгарлаа.

Ийнхүү Монголын 12 өсвөрийн даамчин Эстони улсыг зорьсноос Б.Мөнхжин медалийн буухиаг тасалсангүй. Тэрээр өсвөрийн дэлхийн аваргын хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас Г.Дүүрэнбилэг мөн дэд байрт шалгарч байжээ. Харин манай даамчдаас өсвөрийн дэлхийн аваргын том нас буюу 17 насанд Г.Гэрэлболд 2007 онд алт, ОУХМ, Азийн аварга Г.Ганжаргал 1992 онд мөнгө, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 1993 онд хүрлэл медаль тус тус хүртэж байжээ.

Өсвөрийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчдын фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж