АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн төрийн ордонд үргэлжилж байна. Улсын хэмжээнд бүх аймаг сум, нийслэл дүүргийн төлөөлөл 400 орчим удирдах ажилтнууд оролцож намын дотоод асуудал, улстөрийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, санал бодлоо солилцож байна. Хурал хаалттай болж байгаа ч уур амьсгал ширүүн, санал шүүмжлэлийг ил тод хэлж байгаа сурагтай.
Тэр ч байтугай зарим орон нутгийн төлөөлөл Засаг төр, намын асуудлаа шийдэж нэг мөр болгох хүртэл Улаанбаатараас явахгүй гэсэн байна. Улс төрийн нөхцөл байдал хүнд, эдийн засаг хямарсан энэ үед намын дотоод зөрчил, Засгийн газрын тэргүүнийг тогтвортой ажиллуулах чиглэлээр цаг алдалгүй нэгдсэн шийдэлд хүрэхийг шаарджээ. Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шаардлагагүй. Харин намын дүрмээ өөрчлөх, дотоод асуудлаа шийдвэрлэх асуудлаар ҮЗХ хуралдуулж болно. Бид хагаралдвал ялагдана” гэсэн байна.
С.ОТГОН