Элэнц хуланцтайгаа бүжиглэ!

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Día de los Muertos гэх Талийгаачдийн өдөр. Фото: Eduardo Verdugo / AP

 

Зурагтаа асаалаа. Манай телевизийнхэн өргөн цар хүрээтэйгээр барууны ертөнцийн чөтгөр шулам, сүнсний баярыг сурталчилж байх юм.  Нэвтрүүлэгч ах нарын нүүрний хувирал янзын гэж жигтэйхэн!  Барууны үлгэр домгийн эвэртэй чөтгөр болсон нэвтрүүлэгч уг нь энэ баяр чинь ургацын баяр  гэж байгаад л  нэвтрүүллэгээ явуулж байна. Энэ сарын эхний хоёр хоногт Мексикчууд “Талийгаачдын өдрөө” тэмдэглэж байгаа.  Алдартай л баяруудын нэг. Бас л христийн шашиных.

 

 

Манай телевизийнхэн  “Хэллоуин!  Хэллоуин!” гэж сандран гүйлдэж байгаад  энэ удаа Мексикийн үхэгсдийн баярыг мартсан байх л даа. Ирэх жилээс  түүнийг  сурталчлаад эхлэхийг  үгүйсгэх аргагүй. Уран бүтээлчид гэгдэх хүмүүсээс  юм гарч л таараа. Энэ эрчээрээ явбал цагаан сарын өмнөхөн  эрэгтэй нэвтрүүлэгч нь Валентин гэдэг католик лам болчихсон эмэгтэй нэвтрүүлэгчээ  шоронгийн харгалзагчийнхаа сохор охин гээд хөтлөөд гүйж  чадахаар юм шиг байна. Нэвтрүүлэгийн найруулагч нь ламтнаар хайрын захидлыг нь бичүүлж “түүхэнд үлдээсний”  дараа Валентин ламын толгойг “бөндгөс” хийлгээд бүгд л  маш ихээр уйлалдах байлгүй дээ, хөөрхий.

 

 

Барууны, тэгээд өөр  шашины баяруудыг  дээрээ залан тэндхийн хамаг чөтгөрүүд, хий үзэгдлийг цуглуулах хэрэгтэй юм болов уу? Сэжиг  хүрмээр ч юм шиг.  Үүнийг далимдуулаад үхэгсэдийн ертөнцийг сануулдаг  ер бусын баяруудын талаар товчхон хэлээд өнгөрөх гэсэн юм.  Сүүлийн үед өргөн цар хүрээтэй орж ирсэн Барууны ертөнцийн баяруудын  нэг нь Хэллоуин  яахын аргагүй мөн. Чөтгөр шулам, сүнс, хий үзэгдлийн  дунд цаг өнгөрөөх боломжийг өгдөг цорын ганц баяр нь  Хэллоуин буюу “Бүх хувилгаадын өдрийн өмнөх орой”  мөн гэвэл арай буруу болно. Бас бус баярууд бий.

 

 

Талийгаачдын өдөр буюу элэнц, хуланцтайгаа өнгөрүүлэх үдэшлэг

 

 

Хэллоуины  Мексик хувилбар нь Día de los Muertos гэх Талийгаачдийн өдөр юм. Аймаар нэртэй ч нилээдгүй л хөгжилтэй баяр гэнэ. Талийгаачдаа хүндэтгэл үзүүлэх уламжлал нь өвөг дээдсийнхээ хохмойн толгойн ясыг  гэртээ хадгалан жилдээ түүнтэйгээ хэд хэдэн удаа найрладаг байсан ацтекуудаас уламжлагдан иржээ. Испанийн колончлогчид  тэр уламжлалыг нь зогсоох гээд чадалгүй, энэ баяраа ацтекийн хуанлийн ес дэх сард буюу долдугаар сарын 24-ноос наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг байсныг нь арваннэгдүгээр сарын 1, 2-нд баяраа хийж бай гээд хойшлуулаад орхижээ. Тэр нь Христийн шашины Бүх хувилгаадын өдөр, Бүх нас барагчдын өдөр гэсэн дараалсан хоёр  баяртай нь таарчээ.

 

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхээр мексикчууд нас барсан хамаатан садан, найз нөхдөө зочлон ирнэ гэж хүлээн бэлтгэдэг. Баярын өмнө  дэлгүүр хоршоо, зах нь шоколад, кардон, шавраар хийсэн жижиг авс, хохмойн толгой, араг ясаар дүүрсэн байна. Баяр ёслолын гол билгэдэл нь хохмойн толгой (calavera) юм байна.  Мексикчууд багт наадамд америкчуудаас дутахааргүй дуртай учир Нас барагчдын өдрөөр хот суурины гудамжийг бүжиглэж байгаа “араг ясны багтай” хүмүүс дүүргэдэг.

 

 

Нас барсан хамаатан садан нь бүү төөрөөсөй гээд  тэд гэрийнхээ үүдэнд Латин Америкийн оршуулгын цэцэг болох шар өнгийн цэцгэн  цагираг өлгөсөн байдаг. Босгын ойролцоо эрдэнэ шишийн  гамбир, амттанг тахил болгон тавьдаг байна. Талийгаачид хол замыг туулан ирэхдээ өлсөж, цангасан гээд ус, талийгаачдын талх (pan de muertos)  тахилд заавал байх ёстой. Бөөрхий талх бариад дээр нь яс маягийн  дүрс гаргасан байдаг гэнэ. Энэ өдөр мэгтэйчүүд нь талийгаачдийн дуртай байсан хоолыг өдөржин бэлтгээд зав муутай байна. Ингээд гэр орноороо сууцгаан найрладаг. Холоос ирсэн  талийгаачдыг  унтаж амраг гээд ор засна.

 

 

Баярын оргил үе нь  талийгаачдыг шарилыг эргэн булшийг засч цэвэрлэх ажил болно. Дараа нь дуу хөгжим болцгоон бүгд бүжиглэн цэнгэдэг ажээ.

 

 

Вальпургийн шөнө буюу Бүх шулмын цугларалт

 

 

Хэллоуин нь Европын бүхий л  ад шулам, чөтгөрийн нийтлэг баяр  бол харин —Вальпургийн шөнө гэдэг нь  харанхуйн хүчнийхний  эмсийнн “мартын 8” юм байна. Өөрийгөө хүндэтгэдэг ганц ч шулам дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд шилжих шөнийн “шулам эмсийн жил тутмын цугларалтыг” өнгөрөөдөггүй  гэнэ дээ.

 

Чехийн Вальпургийн шөнө.  Фото: Michal Cizek / AFP

 

Вальпургийн шөнийн анхны мэдээллүүд нь шашины инквизацийн шүүхийн баримтуудад дурьдагдсан байдаг. Домогт өгүүлснээр, хувилгаан Вальпургия нь нэгэн хийдийн тэргүүн гэлэнмаа байжээ.  Хийдийн засварыг хийж байсан  бүтэлгүй хүмүүс түүний булшийг хөндсөнөөс болоод нутгийн  хүмүүст  догшин заналтай хий үзэгдэл харагдах болжээ. Тэр нь  талийгаач эмэгтэйн шулмын шинжийг харуулсан гэх яриаг гаргажээ. Вальпургийг дурсах өдөр  тавдугаар сарын 1  гэж тогтсоноос тэр өдрийн шөнийг шулам эмсийнх болгосон байна.  Тэр шөнө шулмууд шүүрээ унаад л уулын оргилуудад цуглардаг гэх. Броккен гэх халзан уулын оргил нь тэдний цугларалтын гол газар нь гэнэ. Тэнд шулмын “элитийн” шүүр тасралтгүй газардан эзэд нь ширүүхэн  найрлаж, бүжиглэн, мангас, чөтгөртөй нөхцөн биеийн жаргал амсдаг хэмээн ярицгаадаг.

Мангасын элч эмс цугларахдаа зүгээр байдаггүй  хүмүүс, мал сүрэг, хаврын өрнөлд саад хор хийдэг болж байгаа. Тиймээс ч Вальпургийн шөнийн өмнөхөн шулам хөөх  домтой. Сүмийн хонх дуугарч, бамбартай хүмүүс  байр сууцыг эргэн ариутгах бөгөөд галын наадам хийцгээнэ. Шулмын шөнө өвс ногооны  ид шид хүчтэй болдог гээд энэ өдөр домчид, мэргэчид өвс ургамал түүдэг гэнэ. Шулмын өдрийг Төв ба Хойд Европт  өргөн тэмдэглэнэ. Чехад шулмын шөнөөр босгондоо элс цацдаг. Шулам элсний ширхгийг  тоолж дуустлаа гэрт орж чадахгүй гэдэг ажээ. Германд айлын  гэрийн хаалганы бариулд оо түрхээд эсвэл шаахайн үдээсийг авчихаад  түүнийгээ шулмын үйлдэл гэцгээнэ.

 

 

Галунган

 

 

Сайн сүнснүүд хорлонт хүчийг дийлсний баяр болох Галунган гэдгийг Бали аралынхан тэмдэглэдэг. Жил бүрийн аравдугаар сарын сүүлч арваннэгдүгээр сарын эхээр  арван хоногийн дотор Сангхьянг Види тэргүүтэй бурхад газарт буун хүмүүстэй нийлдэг гэнэ. Тэдэнтэй хамт талийгаач өвгөд дээдсийн сүнс эргэн ирдэг гээд арлынхан тахил өргөнө. Баярын гол билгэдэл нь penjor гэдэг өндөр хулсан саваанууд бөгөөд тэдний жимс ногоогоор чимэглэн хаалганыхаа баруун талд хатгадаг. Нэг ёсондоо сүнсүүдийн замын заалтууд ажээ.

 

 

Праздник Галунган на Бали

Фото: Aaron Favila / AP

 

 

Галунгун баяраар тосгон бүрт заавал ч үгүйгээр  хорлонт  сүнсийг  хөөх үйлдэл хийгдэнэ. Тэднийг хөөхөд барыг санагдуулахаар Баронг бурханы дүрс  чухал үүрэгтэй. Баронг байх нь цагаан харын тэнцвэрийг гэр оронд бий болгоно гэдэг ажээ. Хүмүүс бүжиглэж байгаа “бурханд” мөргөөд үснээс нь зулгаан авч дурсгал болгон үлдээдэг.

Арав хоногийн цэнгээний оргил нь Кунинган гэх өдөр юм. тэр өдөр л дээд бурхан Сангхьянг Види хүмүүсийн муу муухайг хөөхөөр газарт залардаг аж.

 

“Коляда” буюу чөтгөртэй “Сочельник”

 

Онгон шүтээний эринд славянчууд өвлийн нар буцалт буюу нар буцалтын баярын Коляда гэх өдрийг  тэмдэглэдэг байжээ. Хожим түүнийг Христийн зул сараар сольсон юм. Гэхдээ тэнд  онгон шүтээний үеийн зарим нэг уламжлал нь үлджээ.

 

Коляда нь кельтийн Хэллоуинтай олон талаар төстэй учир баяруудын  нийтлэг үүслийг харуулж байна гэж болох юм. Тэр нь хар хүчний төлөөлөгч маягаар хувцаслах, амттанг гуйн гуйлагчлах, талийгаачдийг дурсах зэрэг юм. Славян Хэллоуины онцлог нь шөнийн  мэргэ болдог байна. Тэр нь христийн баярт нь үлдсэн байгаа. Зул сарын баярын өмнөх шөнийн (сочельник) мэргэ заавал биелэнэ гэдэг. Баяраар  тосгоныхонхон хамгийн муухайгаар хувцаслан бүхий л төрлийн  чөтгөрүүд болон элэнц хуланцийг сүнсийг  “үзүүлдэг” ажээ.  Дуу хууртайгаар хамаатан садныхнаараа орон элдэв дайллага гуйна. Тэр нь гэр оронд сайныг авчирна  мөн  өндөр ургац, баялаг дагуулна гэдэг. “Чөтгөрүүдийг”  дайлахаас татгалзах нь муу гэх.

Зул сарын өмнөх шөнийн цэнгээнийг  шог дуу, шоглоом, тоглоом дагалддаг.  Нэгэн байшинд эхнэр аваагүй залуус, нөхөрт гараагүй бүсгүйчүүд цугларан талийгаачид болон хөгжилдөж, чөтгөрийн билгэдэл гэх ухнын  чихмэлийг худалдахаар наадаад дараа нь заавал үнсэлцдэг. Чөтгөр  тийм коляда хийж байхад дэрдүүр нь зүгээр нэг өнгөрөхгүй нь мэдээжийн хэрэг.

 

Белорусийн Коляда.  Фото: Татьяна Зенкович / EPA / ИТАР-ТАСС

 

 

Үнэн алдартны шашин чөтгөртэй тоглож байгаад дургүйцэж ирсэн нь мэдээж. Гэхдээ ном тарина уншаад өнгөрдөг байжээ. Баруун Евргоп шиг үнэн алдартнуудад шашины шүүх байгаагүйгээр  тэр эртний уламжлалууд ийнхүү үлдсэн бололтой. Эсвэл залууст “стрессээ” тайлах шаардлага  байна гэсэн юм байлгүй, хэн мэдлээ.

 

Эгунгун буюу талийгаачдийг гомдоох хэрэггүй

 

Талийгаачдад зориулсан бас нэг баяр нь Нигерийн Эгунгун бөгөөд тавдугаар сард тэмдэглэгддэг. Эгунгун нь нэрээс гадна  элэнц, хуланцтайгаа уулзах гэсэн йоруба омгийнхний соёлын чухал ойлголт  юм байна. Йоруба омгийнхон өвгөд дээдсээ (эгунгун)  ямар ч үед ирнэ гэж зарчмын хувьд үздэг ч жилдээ тэд газар дэлхийгээ заавал эргэдэг хэмээн тооцдог юм байна. Тэр үеэр нь  заавал ч үгүй наадамтай байх ёстой.

 

Баярыг оршуулгын газарт бөмбөг нүдснээр эхлэн бүжигчид гарч ирнэ. Тэд зулайгаасаа хөлөө хүртэл далдалсан нөмрөгтэй байгаа нь үхэгсдийн сүнс болж байгаа нь тэр.  Сүнс болоод л бүжиглэцгээнэ. Газар нутгийн эгунгунууд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэхдээ бие, нүүр царай харагдах ёсгүй. Баг өмсөж болно,  орчин үеийн материал пластикаар биеэ нуусан ч болно.  Харин баяр  эхэндээ биеийн аль нэг хэсгийг харуулсан бүжигчнээ “цаазалдаг” байсан гэнэ шүү.  Эгунгунд хүрсэн хүн ч амьд үлдэггүй байжээ.

 

Өнөөдөр өвгөд дээдсийнхээ сүнсэнд хүндэтгэлгүй хандсан нэгнийг тэгж хатуу цээрлүүлдэггүй, зүгээр л ташуурдаад хөөдөг гэнэ.

 

Энэ бүгдээс харахад  Хэллоуин нь “чөтгөр алдмаар” хөгжилтэй баяруудын нэг гэж биш нь харагдаж байна. Зүгээр л түүнийг  хэтэрхий “рекламдсан баяр” юм л даа. Мартснаас, та иймэрхүү баяруудад хэрхэн хандаж байна вэ? Өнгөрсөн шөнө  чөтгөр болж чадсан уу хэмээн асууя.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж