АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн төрийн ордноо үргэлжилж байна. Намын анхан, дунд шатны нэгж болох сум, аймаг, дүүргийн төлөөллүүд нэлээд ширүүн уур амьсгалд хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа энэ цаг үетэй давхцсан учраас хэрхэн эв нэгдэлтэй байх вэ гэдэг асуудлыг ярилцаж байна. Хаалттай хуралдаж буй зөвлөгөөний үеэр орон нутгийн төлөөлөлтэй уулзлаа.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:
Зөвлөгөөний уур амьсгал ширүүхэн болж байна. Засгийн газар сайн ажилллаж байгаа гэж дүгнэж байна. Цаашдаа тогтвортой ажиллах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Засгийн газрын тэргүүн маань орон нутгийнхны санал санаачлагыг бодитоор хүлээн авч сонсч байгаа нь сайн хэрэг. Намын анхан дунд шатны нэгжүүдээс гарч байгаа санал санаачлагыг намын гишүүд хэрэгжүүлж ажиллана гэж итгэж байна. Бидний санал санаачлагыг дэмжиж ажиллах ёстой.
Булган аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга Д. Эрдэнэбат:
АН-ын анхан дунд шатны нэгжүүд цуглаж намын дотоод үйл ажиллагаагаа ярьж байна гэж ойлгож байгаа. Энэ бол шинэ зүйл биш. Намын бодлого хэр зэрэг хэрэгжиж байна, Монгол хүн 2020 хөтөлбөрийн үр дүн, алдаа оноо юу байсан тухай ярилцаж, бие биеэсээ сайн туршлагаа солилцож байна. Мөн өнөөгийн улстөрийн нөхцөл байдалд намын удирдлагууд ямар байр суурь баримталж байна вэ. Ерөнхиийлөгч иргэдийнхээ саналыг асуу гэж хэлсэн. Тиймээс ордны улстөрөө болих хэрэгтэй. Нэгэнт намын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бол гишүүдээ сонсох ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бид ч олон удаа эвдрэлцсэн, эвлэсэн. Одоо Засгийн газраа бутаргачихгүй байх нь чухал гэдэг дээр намын гишүүд, дарга нар нэгдмэл байр суурьтай байгаа.
Ховд аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга Д.Цэвээнравдан:
2014 оныг АН сум орон нутгаа сонсох жил болгон зарласан. Ховд аймагт чуулганыг зохион байгуулж үүрийн дарга нарын санал бодлыг сонсмоор байна гэдэг санал тавьсан. Энэ саналыг намын удирдлага хүлээн аваад өнөөдөр удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан цаг үетэй давхцаж буйгаараа онцлог. Намын анхан шатны гишүүд Засгийн газар тогтвортой ажиллаасай гэдэг зүйлийг хэлж байна. Нэгэнт хол ойроос цугласан учраас намын дүрэм журам зохион байгуулалтын талаар ярьж байна. Нөгөө талаар улс төрийн намд суурилсан төрийн институт байгуулдаг хуультай учраас намын төлөвшил чухал байдаг. Нэгдсэн шийдвэр гаргаад түүнийгээ удирдлагаа хүргэх соёл бий болох байх. Зөвлөгөөн цаг үеэ олсон гэж бодож байна. Улстөрийн нөхцөл байдал хүнд байгаа учраас зарим нөхөд маань үзэл бодлоо хурцаар илэрхийлж байна. Эцсийн дүндээ Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг дээр байр суурь нэгтэй байгаа.
С.Отгон