Фото: Сергей Венявский / "Коммерсантъ»
Украины зүүн хэсгийн хүн амд туслах хүмүүнлэгийн тусламжийг ачсан Оросын Онцгой байдлын яамны ачааны машинууд Донецкт хүрч иржээ. Тавиад машинаар 500 тонн хүнс, эм, барилгын материал хүргэсэн байлаа.
Дөрөв дэх тусламжийн өөр 50 машин Луганскт тусламжийг хүргэв. Оросын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цуваа аравдугаар сарын 30-ны өдөр Донецк — Изварино ба Матвеев Курган — Успенка гэх хилийн боомтуудар хилийг даван гарсан байв.
Украины зүүн хязгаарын оршин суугчид мөн Герман, Польш, Латва, Швед, Швейцари, Египет зэрэг орнуудаас хүмүүнлэгийн тусламж авч байгаа.
Долоо хоногийн дотор Оросын ОБЯ-ны авто цуваа Луганск, Донецк мужуудад гурван тонн хүмүүнлэгийн тусламж хүргэх болно хэмээн ОБЯ-ны орлогч сайд Владимир Степанов өмнө нь хэлсэн юм..
Оросын ОБЯ-ны онгоцнууд Ростовт нэмэлт ачааг хүргэх ажээ. Тэндээс машинд ачааг ачин Украины зүүн хэсэгт хүргэх юм байна. Түүний хэлснээр тусламжийг Оросын субъектууд, бизнесменүүдийн тусламжтайгаар цуглуулжээ. Өөрийгөө зарлан тунхагласан Донецк, Луганск ард улсуудад эхний ээлжид хүнс, барилгын материал, эм хүргэн өвлийн бэлтгэлд нь туслах гэнэ.
Энэ нь Оросын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цуваа бөгөөд эхний гурван цуваагаар Луганскт зургаан мянган тонн тусламж хүргэсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн яам мягмар гаригт Украины ГХЯ-нд дөрөв дэх хүмүүнлэгийн цувааныхаа тухай нот бичгийг илгээжээ.
"Бид Украины зүүн өмнөт хязгаарт туслах ёстой болж байна. Бид эртнээс тэндхийн хүн амд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тохиролцсон байгаа. Намар болон өвлийн хүйтэн ирж байгаа учраас тусламжийн шаардлага хурцаар тавигдаж байна” гэж нот бичигт өгүүлсэн байлаа.
Харин Киев Оросын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цувааг Украины зүүн хэсэгт хүргэх нь “НҮБ-ын дүрмийг зөрчсөн хэрэг” гэж үзнэ хэмээн мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР