“Halloween” буюу харанхуйн баяр

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

“Halloween” буюу харанхуйн баяр

-Хажууд тань гэнэт сүнс гараад ирвэл та бүү айгаарай-

Өнөөдөр “Halloween”-ий баярын өдөр. Чухам хэзээнээс манай залуус тэмдэглэх болсон нь тодорхойгүй ч энэ баяр нэгэнт газар авчээ. Ялангуяа оюутан залуучуудын хувьд “Halloween”-ийг шинэ жилийн багт наадмаас дутуугүй хүсэн хүлээдэг. Тэд өнөө оройжин бие биеэ айлгаж “тоглоно”. Өөрийг нь хэн ч танихааргүй хувирч, аймшгийн баатарт  хувирах гэж тэд их л хичээж байна. Зарим нь аав ээжийгээ гайхширч алмайртал хичээл хийсэн дүр эсгэж “Halloween”-д бэлтгэсэн дээ.

Гадныхан бол  “Сүнсний баяр”, “Тахилгын баяр” гэж нэрлэдэг эл баярыг харин манайхан “Хүн айлгах үдэш” гэж ойлгодог. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр  энэ  баярыг Их Британийн “Irish, Scottish” болон “Celtic” зэргээс шашин шүтлэгийн нөлөөгөөр X-XI зууны үед анх үүссэн аж.

Дэлхийн өнцөг булан бүрийн олон оронд “Halloween”-ийг өөр өөрөөр нэрлэдэг ч  уг баяр аравдугаар сарын 31-ний үдэш зохиогддогоороо  онцлог юм.  “Halloween” буюу сүнсний  баяраар нөгөө ертөнцийнхөн бидний оршин буй ертөнцөд аялдаг гэж үзэх нь бий. Өөрөөр хэлбэл сүнснүүд дэлхийд ирдэг  ганц өдөр ажээ. Тиймээс нөгөө ертөнцийн урилгагүй зочдод өөрсдийнхөө дүр төрхөө харуулахгүйн тулд ийн муу муухай  дүрд хувилан айлуудаар зочлон баярладаг ажээ.

Шотландад залуу эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. Мөн дэнлүү хийсэн том жижиг хулуунууд өлгөөтэй байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг урамшуулан шагнадаг ёсон тус улсад байдаг гэнэ.

Хаа газрын залуус ихэвчлэн  Франкштэйн болон Дракулагийн дүрийг бүтээдэг  байна. Ерөнхийдөө өөр ертөнцийн хүмүүс чөтгөр шулам, ид шидтэн, мангас, зомби, араг яс, цус сорогчдын дүрд илүүтэй хувирдагаас энэхүү баяраар хүүхдүүдээ гэрээс гаргахааргүй санагдах нь бий.  Гэвч европын орнуудад энэ өдөр хүүхэд болгонд бэлэг өгдөг уламжлалтай гэнэ.

“Halloween”-ийг гадаадын оронд тэмдэглэж байсан Тэмүүлэн гэгч залуу энэ баярын талаар сэтгэгдлээ ийн бичжээ.

– Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстнүүд тэмдэглэж иржээ. Аравдугаар сарын  31-ний өдрийн яг нар жаргах үеэс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг юм билээ. Мөн тэр өдөр баг костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалж  байгаагийнх гэнэ. Энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм. Сүүлийн үед Азийн орнууд тэр дундаа Хятад улс өргөн тэмдэглэдэг болсон. Энэ баярын хамгийн гол билэгдэл нь улбар шар хулуу. Учир нь Хойд Америкт Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас хяхар муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод энэ өдөр хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Тиймээс ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулахын тулд  доторх зөөлөн эдийг нь бүгдийг  ухаж аваад  хулууныхаа дотор лаа асаагаад тавьдаг болсон юм билээ хэмээн бичжээ.

Ямартай ч энэ үдшийг залуус өргөн тэмдэглэх нь. Тиймээс өнөө орой гээд алхаж явах зуур хажууд тань гэнэт сүнс гараад ирвэл бүү айгаарай. Машины хамар дээр чинь зомби сууж байж ч магад. Жорыг нь тааруулж чадваас хөгжилтэй сайхан л баяр. Харин тунг хэтрүүлж огтхон ч болохгүйг дашрамд залуустаа дуулгачихъя.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж