Далай багшийн айлдвар Дарамсала хотод болно

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Далай багшийн айлдвар Дарамсала хотод болно

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш зөвхөн монголчуудад зориулан айлдах “Номын их айлдвар” буюу “Монгол Сүнчой” энэ жил БНЭнэтхэг улсын Дарамсала хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү номын айлдвараар Далай багш маань монгол шавь нартаа шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын "Ламрим-чэнмо" буюу "Их бодь мөрийн зэрэг" номыг тайлбарлан айлдана. Энэхүү Богд Зонхава ламын айлдсан "Их бодь мөрийн зэрэг"  ном нь эрт дээр үеэс монголын лам хувраг, сүсэгтэн олны эрхэмлэн шүтэж, судалж ирсэн төгс гэгээрэл бурханы хутагт хүргэх их увидас бүхий дээдийн ном билээ. Мөн энэ үеэр Далай багш монголын сүсэгтэн олонд зориулан маань мэгзэмийн лүн, ван, жинан хайрлана.

 Монголчуудын “Номын их айлдвар” буюу “Монгол Сүнчой”-г  Монголын бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт 2011 онд Далай багшид бараалхах үеэрээ нийт монголчуудынхаа сайн сайхны тусын тулд анхлан айлтгаснаар 2012 оноос жил бүр уламжлал болон БНЭнэтхэг улсад зохион байгуулагдаж байна. Жил бүр 1000 гаруй сүсэгтэн монголчуудаа төлөөлөн энэхүү номын айлдварт зорин суудаг сайхан уламжлал тогтсон. Энэ жил 2014.12.02-2014.12.05-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн Далай багшийн номын өргөө Намжил дацанд болох юм.

 Ламын гэгээнтэний санаачлагаар байгуулагдсан “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ нь энэхүү номын айлдварыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Монгол Сүнчой”-н бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд номонд сууж буй сүсэгтэн олондоо зориулж Далай багшийн номын айлдварыг орчуулах, ном хэвлэх, мандат олгох зэрэг олон ажил хийгдэж байна.

Мөн “Монгол Сүнчой”-г зохион байгуулагчдын зүгээс сүсэгтэн олныгоо ая тухтай номын айлдварт хүргэх зорилгоор Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтран шууд нислэгийг гаргаж байгаа болно.

Жич: Дээрх Номын айлдварт мандат аван оролцох тул хувиараа болон аяллын байгууллагаар явах гэж буй сүсэгтэн олон “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас ирж мандатаа авна уу.

Шууд нислэг болон мандаттай хобоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар лавлана уу.

 

Хаяг: “ЭТҮГЭН” зочид буудлын 3 давхар (Вокзалын чанх хойно)

Утас: 96000181, 88687823, 88143826

Вэб сайт:www.dalailamamongolsunchoi.mn

И-мэйл:mongol_sunchoi@yahoo.com

 

 

Ерөнхий зохион байгуулагч:

“Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ

Дэмжин оролцогч байгууллагууд:

            Өмнөд Энэтхэг дэх Гоман дацан Монгол мицан

            Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани

            Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж