Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.31 / өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-ийн 2.18-д “Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан байх шаардлага тавина”, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар заасан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттайгаар боловсруулагдсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж