МН370 хохирогчийн хөвгүүд шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

МН370 хохирогчийн хөвгүүд шүүхэд гомдол гаргажээ

Малайзын өмгөөлөгч Арунан Селвараж ах, дүүсийн гомдлын талаар мэдэгдэв

 

МН370 нислэгтэй хамт ааваасаа хагацсан ах, дүү хоёр өнөөдөр /Х.31/ Малайзын Засгийн газар, агаарын тээврийн компанийн эсрэг гомдол гаргажээ. МН370 нислэгт зорчигч Жи Жинг Хангийн хүү 13 настай Кинсон, 11 настай Кинлэнд нар Куала Лумпурын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Тэд Малайзын иргэний агаарын тээврийн газрыг Боинг 777-200 онгоцыг радарын дэлгэцнээс алга болсон даруй холбоо тогтоох гэж оролдоогүй, нислэгийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэгт ажил үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгажээ. Ах, дүүс эцгээ алдсан сэтгэлийн уй гашуугаа нөхөн төлүүлэхээр Малайзын Засгийн газраас мөнгө нэхэмжилсэн байна.

 

Жи Жинг Ханг Боинг 777-200 онгоцтой хамт сураггүй болохоосоо өмнө интернэтээр бизнес эрхлэн сард 17 мянга орчим ринггит /5200 ам.доллар/ орлого олдог байсан аж.

 

239 хүнтэй Боинг 777-200 онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараахан радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан юм. Зорчигчдын гуравны хоёр нь Хятад улсын иргэд байжээ. МН370 нислэгийг Энэтхэгийн далайд сүйрсэн хэмээн үзэж, эрэл хийж байгаа юм.

Эх сурвалж: Miami Herald

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж