Тайвань төрийн дээд тушаалтныг Хятадад сурахыг хорив

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Тайвань төрийн дээд тушаалтныг Хятадад сурахыг хорив

 

Тайваний Засгийн газраас төрийн дээд албан тушаалтнуудыг Хятадын их сургуульд мэдлэг дээшлүүлэх, сурахыг хоригложээ. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын төлөөх хоригт Тайваний сайд нар, хот, мужийн засаг дарга нар хамрагдаж байгаа аж. Хориг өчигдрөөс /Х.30/ хэрэгжиж эхэлсэн байна. Тайваний төрийн албан хаагчид худалдаа, хөрөнгө оруулалт татах хэлхээ холбоо тогтоох далд зорилгоор Хятадад мэдлэг дээшлүүлж, суралцах нь их байдаг гэнэ. Түүнчлэн Тайваний Батлан хамгаалах яамны ажилчид Хятадад тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж. Тайваний Үндэсний телевизэд мэдээлснээр 2004-2013 оны хооронд 97 төрийн албан хаагч Хятадад голчлон докторын зэрэг хамгаалахаар суралцсан гэнэ. Тайваний төрийн албаныхан голдуу Фузянь мужийн Сямэнь, Гуанжоу мужийн Жинань, Бээжингийн Хууль, улс төрийн шинжлэх ухааны их сургуулиудыг сонгон суралцдаг байна.

 

Хятад, Тайваний хооронд худалдааны гэрээ байгуулах асуудлаас үүдэн өнгөрсөн гуравдугаар сард Тайпейн оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж, Засгийн газрын ордонг бүсэлж байсан юм. Тайваний оюутнууд арал дахь Хятадын нөлөө нэмэгдсээр байгаад зовниж, дургүйцдэг аж. Мөн Тайваний Ерөнхийлөгч Ма Ин-жоу Хонгконгийн сонгуулийн бүрэн эрхийн төлөөх ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн үг хэлснээр Хятадын дургүйцлийг төрүүлжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж