Өлөнгийн цехээс өвчин тархаж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Өлөнгийн цехээс өвчин тархаж болзошгүй гэв

Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 22 өлөн боловсруулах цех байдгаас ихэнх нь Сонгино хайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Өлөн боловсруулах цехүүд тун бэрх нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өмнө нь шалгалт хийхэд эрсдэлтэй гэж дүгнэж байсан  “Батзагд”, “Энисервис” “Оргил таванд”, “Баатар цэцэг”, “Цээжин”, “Голден гоат”, “Гуфран энд Гунуа” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжийн өлөн боловсруулах үйлдвэр, цехүүдэд багагүй зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийн хувьд,

-”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин “ХХК-иуд өлөн гэдсэнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авдаггүй, авсан ч товчооны байцаагч нараар хянуулж баталгаажуулаагүй, гэрчилгээг архивлаж  бүртгэлжүүлээгүй, өлөн гэдэс хадгалах зориулалтын агуулах, байргүй,

-“Оргил таванд” ХХК-ны үйлдвэрийн байрны тааз, хананд хөгц ургаж мөөгөнцөртсөн, ажлын байранд агааржуулалтын систем хангалттай ажилладаггүйгээс их хэмжээний уур, чийг ялгарсан,

-”Баатарцэцэг” ХХК, “Бат-загд” ХХК-ийн өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд хуульд заасны дагуу ажил   эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй зөрчил илэрчээ.

Түүнчлэн өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эдээ бэлтгэхдээ гэрээт нийлүүлэгчээс мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хүлээн авдаг, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулдаггүй нь малаас хүнд дамжин халдварладаг халдварт өвчин тархах аюултай болохыг Мэргэжлийн хяналтынхан тогтоолоо.

Тиймээс “Гуфран энд гунуа”, “Оргил таванд”, ”Баатарцэцэг” ХХК, ”Цээжин” ХХК-ид улсын байцаагчийн 23 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, энэ дөрвөн компанид ”Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 16.2.1 заалтыг үндэслэн тус бүр 250  мянган төг буюу нийт нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж