Алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд боловсрол нөхөн олгоно

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд боловсрол нөхөн олгоно

Монголын алслагдсан хөдөө орон нутгийн бага насны хүүхдэд Бага боловсрол нөхөн олгох чиглэлээр хамтран ажиллах, үзэл санааг нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийн тулд Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Японы Хүүхдийг ивээх сан хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь Хөтөлбөр нь 2012 оны зургадугаар сараас Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Архангай, Өвөрхангай, Дорнод болон Сүхбаатар аймгуудад амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тус төсөл нь алслагдсан 30 сумдад хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Монгол хэл болон Математикийн хичээлийн 1-3 дугаар ангийн “Бага боловсрол нөхөн олгох багц хөтөлбөр”-ийг боловсруулсан ба сургууль завсардсан ангийнхаа үндсэн мэдлэгийг гэрийн нөхцөлд эцэг эхийн оролцоотой нөхөж авахад дэмжлэг үзүүлэх юм. 

Тус хөтөлбөрийг үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангахад Насан туршийн боловсролын үндэсний төв болон сумдын Насан туршийн боловсролын гэгээрэл төвийн үүрэг, оролцоо чухал билээ.

Японы Хүүхдийг ивээх сангаас орон нутаг дахь боловсролын үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд эцэг эх, орон нутгийн сонирхогч талуудтай нягт хамтран ажиллаж, тухайн орон нутгийн соёл, нөхцөл байдалд нийцсэн, олон нийтийн оролцоонд суурилсан олон талт санал санаачлагыг туршин нэвтрүүлэх юм байна. 

Л.МАРГАД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж