Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ, ЗГ-ын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхэд юунд анхаарах ёстой талаар зөвлөлдсөн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Ард түмний хувьд татварын мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгааг мэдэж байх нь чухал. Энэ хуулийг баталснаар олон талын эерэг үр дагавар нийгэмд гарна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг эрс дээшилнэ, төсвийн мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь хяналтанд орж, олон түмний оролцоо нэмэгдэх, зарим албан тушаалтан удаан хугацаанд буруу замаар будаа тээх боломжгүй болно. Иймд хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах явдалд ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгаа. Шилэн дансны хуулийн бэлтгэл ажлыг хангахад Сангийн яам гол үүрэгтэй. Зохион байгуулалт, дүрэм журам, мэдээллийн технологийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаад анхаарах ёстой” гэв.
Мөн хуулийн онцлог заалтын талаар танилцуулж “2015 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн таван сая төгрөгнөөс дээш хийсэн мөнгөний гүйлгээ долоо хоногийн дотор олон нийтэд танилцуулагдаж байна. Мөнгөний гүйлгээн дээр гарын үсэг зурсан албан тушаалтан нийтэд мэдээллэх үүргээ биелүүлэхгүй бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл хариуцлага ч тусгаж өгсөн” гэсэн юм.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог “Бид энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан бэлтгэж байгаа. Энэ хуулийн дагуу төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой ААН /50 хувиас дээш төрийн оролцоотой/, улсын төсвөөр ажил гүйцэтгэж буй ААН нь мэдээллээ цахим хуудас болон мэдээллийн самбарт тавих үүрэг хүлээж байгаа. Хамгийн гол хариуцлага хүлээх хүн нь нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг хүмүүс” хэмээн танилцуулсан юм.
Ингээд хэлэлцүүлгийн оролцогчид төсөлтэй холбоотой асуулга, саналуудаа хэлцгээж, ойлголтоо нэгтгэсэн бөгөөд төгсгөлд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сургалт явуулах, олон нийтэд хуулийн ямар орчин бий болж байгааг сурталчлан таниулах, Сангийн яамнаас холбогдох журмыг гаргах, энгийн зүйлийг хүндрүүлэхгүйгээр хийх боломжийг бий болгох нь зүйтэй гэх дүгнэлтэнд хүрцгээсэн байна.
Б.МАНДАХ