Хятадын нүүрсний зах зээл дэх чангатгах бодлого

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний зах зээл дэх чангатгах бодлого

 Хятадууд импортын нүүрсэнд барих чангатгах бодлогоо эхлүүлэв'

Монголын нүүрсний ганц худалдан авагч болох БНХАУ нэгдсэн бодлоготойгоор нүүрсний салбарт хүч түрэмгийлэх нь гэсэн сураг сонсдох болсон. Энэ таамаг ч биелэлээ олж, БНХАУ аравдугаар сарын 15-наас импортын нүүрсэндээ 3-6 хувийн татвар ногдуулахаар шийдсэн. Тэгвэл Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлал хийгээд энэ долоо хоногт ирсэн юм. Айлчлалын үеэр Монголын нүүрсний зах зээл цэгцэртэл нүүрсний импортын татвараас чөлөөлөхийг хүссэн бөгөөд асуудал шийдэгдээгүй ч БНХАУ-ын тал нааштайгаар хүлээн авч буй талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ.

БНХАУ-ын Засгийн газар үсрэнгүй хөгжлийнхөө хурдыг аажмаар бууруулж, шинэ барилга, бүтээн байгуулалтыг багасгаж, гангийн хэрэглээгээ бууруулан дотоодын нүүрсний олон жижиг үйлдвэр, уурхайнуудыг цэгцлэх бодлого явуулж эхэлсэн. Сүүлийн жилд гэхэд 1500 жижиг уурхай, үйлдвэрийг хааж, төрийн өмчит том үйлдвэр, компаниудынхаа хүчин чадлыг нэмж, импортын нүүрсний асуудалд шат дараатай зохицуулалт хийж байна. Үүний нэг тод илрэл нь нүүрсний импортын татварыг тогтоосон бөгөөд коксжих нүүрсэнд 3 хувь, эрчим хүчний нүүрсэнд 6 хувь, бусад төрлийн нүүрс болон нүүрсэнд суурилагдсан шатах түлш болох брикетэд 5 хувийн татвар ногдуулжээ.

БНХАУ 2005 он хүртэл коксжих нүүрснээс бусад бүх төрлийн нүүрсэнд 6 хувийн импортын татвар ногдуулж байгаад 2007 он хүртэл шат дараалан бууруулах арга хэмжээ авч байжээ. Тэгвэл энэ татварыг дахин тавьлаа. Ингэснээр  БНХАУ-д нүүрс нийлүүлдэг ганц Монгол Улс ч биш, бусад улсуудад дарамт үүсэх нөхцлийг бүрдүүлэв.

 БНХАУ-д хамгийн их хэмжээгээр нүүрс нийлүүлдэг нь Австрали бөгөөд түүний дараагаар Индионез, Канад, АНУ, ОХУ, Монгол тооцогддог. Үүнээс Индионез улс нь БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй тул импортын татвараас чөлөөлөгдөнө. Австрали улсын хувьд энэ оныг дуусахаас өмнө БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг яаравчлуулж байна. Хэрэв гэрээг үзэглэвэл мөн л импортын татвараас чөлөөлөгдөнө.

 

Монгол Улсын хувьд яах вэ?

Дээр хэлсэнчлэн нүүрсний зах зээл бага ч гэсэн сэргэтэл импортын татвараас чөлөөлөхийг хүсээд байгаа. БНХАУ саналыг хүлээж авсан ч энэ цаашдаа нүүрсний импортын татвар огт төлөхгүй гэсэн үг биш.

Монгол Улс энэ жил 31.4 сая тонн нүүрс экспортлох өндөр хэмжээний төлөвлөгөөтэй бол одоогоор 13.5 сая тонныг экспортлоод байна. Одоогоор улсын хэмжээнд 38 орчим нүүрсний компани үйл ажиллагаа явуулж байгаагаас Тавантолгой ордод “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, Нарийн сухайтын ордод “МАК”, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, “Саусгоби сэндс” ХХК нүүрсний олборлолт хийн экспортолж буй. Монголын хувьд Хятад руу коксжих нүүрс гаргаж байгаа. Коксжих нүүрсний импортын 3 хувийн татвар нь тонн тутамдаа нэг ам.доллартай тэнцэх тооцоотой ажээ. Энэ жил Монгол 31.4 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө нь дэлхийн зах зээлийн өнөөгийн байдалтай зохицохгүй өндөр хэмжээ гэж салбарынхан үзэж байгаагийн дээр ийнхүү импортын татвар төлөх болчихвол одоо зардлаа арайхийн нөхөж буй дотоодын нүүрсний компаниуд улам сөхөрч, алдагдал хүлээхийг хэлж байна.

Монголын нүүрс чанарын шаардлага хангах уу?

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг зургаан яам, байгууллага хамтран “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам”-ыг батлан нийтэд зарласан. Энэ журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх бөгөөд импортын нүүрсэндээ чанарын шаардлагыг нарийвчлан тавьдаг болж байгаа нь энэ ажээ. Түр журмын шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглосон байна. Тодруулбал, БНХАУ –д 600 км-ээс дээш зайд тээвэрлэх нүүрсэнд агуулагдах мөнгөн ус 0.6 мкг/г , хүнцэл 80 мкг/г, фтор 200 мкг/г,  фосфор 0.15 хувиас, хлор 0.3 хувиас бага байхаар заажээ. Мөн энэ таван  химийн элементийн агууламжаас гадна  хүрэн нүүрсний үнслэг 20 хувиас бага, хүхрийн агууламж 1 хувиас бага, илчлэг нь 3946 ккал/кг-аас дээш, бусад төрлийн нүүрсэнд үнслэг 30 хувиас бага, хүхрийн агууламж 2 хувиас бага, илчлэг нь 4300 ккал/кг-аас дээш байхаар хязгаарлалтын тогтоосон байна.

Монголын нүүрс эдгээр шаардлагуудаас хүхрийн агууламж, илчлэг, үнслэгийн хэмжээг хангадаг учир үүнд санаа зоволтгүй гэдгийг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх хэлсэн юм. Харин нүүрсний компаниудад нүүрсэнд агуулагдах элементийн хэмжээг  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө лабораториудад шинжлүүлж, тодорхойлуулах шаардлага гарах ажээ. Монголын нүүрсний цөөн том компани дэргэдээ лабораторитой бол үлдсэн нь байхгүй. Тиймээс бэлтгэлээ одооноос хийж байхыг анхааруулсан бөгөөд чанарын хувьд Монголын нүүрс доошоо орохгүй гэдгийг салбарынхэн үзэж байна. Хятадад нүүр нийлүүлэх сонирхолтой олон улс байдаг бөгөөд энэ чанарын шаардлага нь манай улсын хувьд таатай боломж ч байж мэдэх гэнэ. Учир нь бусад улсын нүүрсний хүхрийн агууламж, илчлэг нь БНХАУ-ын шаардлагад нийцэхгүй байх нь ч бий гэж АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх хэлж байсан. Ингэхээр Монгол Улсын хувьд нүүрс худалдах орон зай нэмэгдэж болох талтай аж. Ийнхүү Хятадууд нэгдсэн бодлоготойгоор нүүрсний салбартаа зохицуулалт хийж эхэллээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж