1,6 тэрбумыг хэмнэх төсөл эсэргүүцэлтэй тулав

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

1,6 тэрбумыг хэмнэх төсөл эсэргүүцэлтэй тулав

Төсвийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Боловсролын тухай хуульд нэгэн өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тэр нь нэг сурагчийг сургахад зориулан төрөөс сургуульд өгдөг татаасыг ялгамжтай өгөх тухай. Үзэл баримтлалын хувьд хувийн сургуульд олгодог Засгийн газраас олгох санхүүжилтийн хэмжээг тухайн сургуулийн сургалтын төлбөртэй уялдуулан 20-80 хувь хүртэл таван үе шаттайгаар бууруулж, 2015 оны төсвийн төсөлд тооцсон санхүүжилтийг 1.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар болжээ. Тодруулбал, одоо санхүүжилт авч буй сургуулиудын 80 хувь нь хэвээр хувьсах зардлаа авах бол, таван саяас дээш төлбөртэй сургуулиудад 60 хувийн татаас, 10 саяас дээш төлбөртэй сургуулиуд 20 хувийн татаас өгөхөөр буй аж.

Үүнийг нь сөрөг хүчний гишүүд эсэргүүцэн “Боловсролын салбарт хувийн хөрөнгө оруулалт хийх сонирхлыг үгүй болгож байна. Үндсэн хуулийн зөрчил ч гарч болохоор байна” хэмээн шүүмжилсэн юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Арван саяын төлбөртэй сургуульд өгдөг мөнгө гэр хорооллын сургуульд өгдөгтэй адил байгааг өөрчлөхөд юу нь болохгүй байгаа юм бэ. Төлбөрийнх нь хэмжээнээс хамааруулаад ялгаатай өгөх нь Үндсэн хууль зөрчихгүй шүү дээ” хэмээсэн юм.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж