“Н.Алтанхуяг энд сууна уу, үгүй юу хамаагүй”

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Н.Алтанхуяг энд сууна уу, үгүй юу хамаагүй”

Чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын асуудал, ерөнхий сайдыг огцруулах зэрэг анхаарлын төвд буй асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд .Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, .Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, .Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Төсвийн хууль төсөлтэй холбоотой эхний асуудал нь орон нутагт эрх өгөх нь зүйтэй эсэх тухай байсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд оролцон тайлбар өгч “Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын ашиглалт үрэлгэн байна. Иймд аймагт нь эрхийг нь өгөөд, энэ жил аль сумандаа сургууль барих, хэдэн хүүхдийн цэцэрлэг барихаа шийддэг байх нь үрэлгэн төсвийн бодлогоос салах арга. Орон нутагт эрхийг нь өгөх цаг болсон. Хэрхэн яаж зарцуулж байгаад босоо хяналт тавина. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ санаа оноог авч байх тухай заалт ч оруулсан. Эдийн засгийн хямралт үед эзэнд нь зарцуулах эрхийг өгөх хэрэгтэй. Аймгийн засаг дарга нь ямар сургууль барьж буйгаа ч мэддэггүй тохиолдол байна. Завханд 9,9 тэрбумаар драмын театраа барина уу, эмнэлгээ барина уу өөрсдөө хэлэлцээд л шийдэг. Улсаас 300 хүүхдийн сургууль бариад өгчихдөг, гэтэл тэнд нь 200 хүрэхгүй хүүхэд сурч байна. Уг нь тэндээ шийдэж барьсан бол ингэж үргүй зардал гаргана шүү дээ” гэсэн юм.

Татварын бодлого буруу тийш явж, иргэдэд дарамт учруулах гээд байгаа юм биш биз гэсэн асуултад “Н.Алтанхуяг энд сууна уу, үгүй юу хамаагүй. Намайг байхгүй ч төрийн бодлого энэ дагуу л явна” гээд “Олон нийтийн шуугиад байгаа шиг баахан татвар нэмэх гээд байгаа зүйл байхгүй. Нийслэлийнхний хүсэлт гаргасныг судлаад нийслэл татвартай байж болно гэж оруулж ирсэн. Гэтэл баахан худлаа шуугиж, шүүмжилсэн учраас эргэн татсан” гэсэн юм.  

Ж.Энхбаяр гишүүн мөн шүүмж хэлж “Орон нутгийнхан мөнгө авна гэж тооцоолоод өр зээл тавьчихсан зүйл ч байна. Төрийн санд хэчнээн зуун сая төгрөгийн гүйцэтгэл гарчихаад төлбөрөө авч чадахгүй аж ахуй нэгжүүд байгааг мэдэж байна уу. Төсөв мөнгө хэмнэнэ гээд л байдаг, гэтэл төсвийн урсгал зардал хэрээс хэтэрлээ. Хэдэн тэрбумаар ой тэмдэглэн, салют буудуулах юм. Төсвийн хөрөнгөөр бөөний төв бариад л хувийн хэвшлийнхний хийх ёстой ажлыг гардаад явдаг нь яаж байгаа юм. Дутуу обьектуудаа дуусгах боломжтой байсан мөнгийг та үр  ашиггүй зарцуулсан” гэв.

Н.Алтанхуяг хариуд нь “Босгох шаардлагатай 400 гаруй обьект бий. Нүүрсний мөнгө орж ирсэн үед нь эхлүүлчихсэн, одоо өгчих мөнгө байхгүй гэдгийг учирлаад л байна шүү дээ. Гэхдээ орон нутагт өгч буй мөнгөөр үнэхээр шаардлагатай гэвэл үргэлжлүүлээд гүйцээж болно шүү дээ. Аль обьектийг гүйцээхээ өөрсдөө шийдэг л дээ. Улсаас барина гэхээр явцын дунд өртөг нь өсөөд байгааг мэдэж байгаа биз дээ. Яармагт баригдаж буй 300 ортой эмнэлэг л гэхэд одоо 16 тэрбумийг зарцуулчихсан, дуусгах гэхээр дахин 16 тэрбум хэрэгтэй гэж байна. Үр ашгийн хувьд бид харин ч ашигтай зүйлд зарцуулж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуултыг үргэлжлүүлж “Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх ажлыг арай л буруу хийх гээд байна. Би үхэхээр чи үх гэж байгаа юм шиг зөв зүйлийг буруу хийх гээд байна. Орон нутагт дагаад төсвийн эрх мэдэл нь очиж чадахгүй нь. Ямар нэг хуулийн төсөл орж ирэхэд цаанаа ямар нэг хүний өмчийн эрх рүү халдах юм. Хувийн боловсролын байгууллагын хувьсах зардлыг багасгахыг эсэргүүцэж байна” гэв. Хувийн сургуульд төсвөөс өгөх хувьсах зардлыг хасах нь буруу биш гэдгийг ерөнхий сайд дурдаад “Хэдэн зуун ам.долларын төлбөртэй хувийн сургууль, улсын сургууль чинь ялгаатай шүү дээ. Хувьсах зардлыг нь огт өгөхгүй гээгүй, ялгаатай байдлаар л тогтоохоор болсон” гэв. 

Чуулган үргэлжилж байна..

Б.Мандах

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж