Бялуу, хийжүүлсэн ундаа хамгийн эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Бялуу, хийжүүлсэн ундаа хамгийн эрсдэлтэй

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед сайнаар нөлөөлөх ямар ч тэжээллэг чанаргүй, зөвхөн өнгө, үнэр, амт нэмдэг хольц гэдэг. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэнд хүртэл нэмэлт бүтээгдэхүүн их бага хэмжээгээр орсон байдаг ажээ. Тиймээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээнд тандалт судалгаа хийсэн бөгөөд үр дүнг өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчид Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цуглан ярилцлаа.

Тандалт судалгааг сүүлийн гурван жилд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хийсэн шалгалтын дүнг үндэслэн  хүнсний боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нийт 314 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Олон улсад нийт 2600 гаруй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүртгэгдсэн байдаг ажээ. Монголын хувьд хоол үйлдвэрлэгч, худалдаачид хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоол амтлагчийг нийт 12 импортлогч компаниуд болон худалдааны төвүүдээс авч байна. Манай улсын хүнсний үйлдвэрлэлд ашиглаж буй нийт нэмэлт бүтээгдэхүүний 43 хувийг БНХАУ-аас, 34.6 хувийг  ОХУ-аас, үлдсэнийг ХБНГУ, Ирланд, Польш, Англи улсаас тус тус импортолж байна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт

Иргэдэд аль бүтээгдэхүүнд ямар төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орсон, ямар хор нөлөөтэй юм бэ гэдэг нь хамгийн чухал. Тэгвэл энэ талаар Мэргэжлийн хяналтынхан хэд хэдэн бүтээгдэхүүнийг онцолж байсан. Үүнд бялуу, хийжүүлсэн ундаа, махан төрлийн бүтээгдэхүүн буюу хиамыг нэрлэсэн ч эрүүл мэндэд ямар нөлөөтэйг тайлбарласангүй. Үүнээс ч илүү айдас хүргэм нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тухайн зориулалтаас нь өөр бүтээгдэхүүнд ч хольсон тохиолдол гарч байжээ. Тухайлбал, хиамны жоронд ордог нэмэлт бүтээгдэхүүнийг жимсний шүүсэнд ашигласан байж. Гэтэл тэр нэмэлт бүтээгдэхүүнийг олон улсад махан бүтээгдэхүүн, тэр дундаа загасны маханд ашигладаг байх жишээтэй. Ийнхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ашиглалт олон улсын стандарттай зөрөх, ойлгомжгүй асуудал үүсгэх болсон нь иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг болох нь.

Хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага, стандарт хэн бүхэнд ойлгомжтой биш байгаа нь судалгаа, шинжилгээний лаборатори, хүчин чадал муу байдагтай холбоотой гэж хяналт шалгалтынхан учирлаж байна. Одоогоор 200 орчим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Монголд бүртгэлтэй байгаагаас 44 –ийг нь Мэргэжлийн хяналтынхан бүрэн шинжилж чаддаг ажээ. Үлдсэн 100 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд нарийнвчилсан хяналт тавих боломжгүй гэсэн үг юм. Цаашдаа техникийн өргөтгөл, шинэчлэл хийвэл бүх бүтээгдэхүүнийг шинжлэх боломжтой гэж байсан юм.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохисгүй ашигладаг тохиолдлыг нэрлэсэн ч яг ямар компанийн аль бүтээгдэхүүнд хэдий хэмжээгээр орж буй ямар төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хэлсэнгүй. Энэ бол тандалт судалгаа, цаашдаа илүү нарийвчлан шалгах хэрэгтэй гэдэгт санал нэгдээд өнгөрлөө. Ийм байхад иргэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хор уршгийг хэрхэн мэдэх билээ. Ямартай ч эрүүл мэндээ золиослохгүйн тулд хамгийн найдвартай арга бол хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг ойлгомжтой бичсэн, нэмэлт бүтээгдэхүүн ороогүйг сонгосон нь өлзийтэй болох нь.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж