Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр тус ангид болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян одонг тус ангийн байлдааны туганд зүүж, ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид аа!

Үе үеийн хилчин барилгачид аа!

Та бид өнөөдөр хилийн 0119 дүгээр ангийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн тэмдэглэлт үйл явдалд оролцож байна.

Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан хагас зуун жилийн түүхийн хугацаанд төр, засгийн болон цэргийн онц чухал обьект, тусгай зориулалтын барилга байгууламж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, зуслангийн олон зуун бүтээн босголтын ажлыг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд болон улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бахдам сайхан амжилтаа үнэлүүлэн ангийн байлдааны аранзал улаан тугаа төрийн одонгоор мялааж байгаа үе үеийн хилчин барилгачид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 87 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоонд шилжсэнээс хойш улс орны аюулгүй байдлыг хангах, төрийн нууцын зэрэглэлд хамаарах хил хамгаалалтын барилга байгууламж, их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих, засварлах ажлыг амжилттай гүйцэтгэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд санаачилга гарган 2010-2014 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Хилчин”, Баянзүрх дүүрэгт “Харуул Алтай” иж бүрэн цогцолбор хотхон байгуулж, 1500 гаруй хилчин гэр бүлийг гал, голомтоо бадраан ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн өрнүүн их ажлыг бүтээснийг цохон тэмдэглэхэд таатай байна.    

Хилчин барилгачдын эгнээнээс Монгол Улсын гавьяат барилгачин, ахлах ахлагч Р.Эрдэнэбат, П.Мэндбаяр нарын төр, ард түмэндээ үнэлэгдсэн олон арван алдартан  төрөн гарсны зэрэгцээ, энэ хамт олны дунд бэлтгэгдсэн барилгын төрөл мэргэжлийн мянга, мянган боловсон хүчин улс орны өнөөдрийн барилгын салбарын хөгжлийг тодорхойлолцож байгаад баяртай байна.

Танай хамт олны бүтээсэн барилга байгууламж, өнөөдрийн Монгол Улсын бүтээн байгуулалтад зохих байр суурийг эзлэн, нэгээхэн хэсэг болж байдагт талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж