Төрийн ордонд үйл явдал өрнөж байгаа ч хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байна. Өглөөнөөс хойш АН-ын бүлэг хаалттай хуралдаж, 13.00 цагийн орчим завсарласан. Бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Чухам ямар асуудал хэлэлцсэн талаар хуралдааны дараа УИХ-ын гишүүн М.Зоригтоос тодрууллаа.
-Хаалттай хуралдсан намын бүлгийн хуралдаанаар юу ярилцав?
-Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л хүрээг хамарсан түвэгтэй асуудал байна. Энэ бүх асуудлыг ярилцлаа. АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийж, бүлгийн гишүүн бүр байр сууриа илэрхийлсэн. АН олонхийг бүрдүүлж байгаа намын хувьд болж байгаа бүхий л асуудалд хариуцлага хүлээх ёстой.
-Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй, төрийн ажлыг гацааж байна гэж шүүмжилж эхэллээ. Байнгын хороодын хуралдаан шалтгаангүйгээр хойшиллоо, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан хуралдсангүй. Энэ бүхэн хэзээ цэгцрэх вэ?
-Бид цаашаагаа яаж ажиллах вэ, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг дээр нэг шийдэлд хүрэх ёстой. Тэр шийдлээ гаргахаар намын бүлэг хуралдаж, гишүүд санал бодлоо илэрхийлж байна. Олонх яаж шийднэ тэрүүгээр УИХ чиг баримжаа авна.
-Ерөнхий сайдын огцрууллаа гэхэд түүний орыг залгах өөр лидер АН-д байна уу?
-Би хувь гишүүнийхээ хувьд УИХ дээр их том хүрээний өргөн зөвшилцлийг бүрдүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. УИХ таван тэрбум ам.долларын боломжийг энэ Засгийн газарт олгосон шүү дээ. Түүнээс зөвхөн 1.5 тэрбумаар нь өнгөрсөн хоёр жилд ямар их далайцтай ажлыг хийж чадсан билээ. Тэгэхээр үүнийгээ цааш нь үргэлжлүүлээд үлдсэн 3.5 тэрбум ам.доллараар нь ирэх хоёр жилд эдийн засгийн бодит салбар руу томоохон хөрөнгө оруулалт хийж чадвал Монгол Улсын эдийн засаг гурав дахин өсөх, олон зуун мянган ажлын байр шинээр бий болох боломжтой. Тийшээ тэмүүлэх ёстой гэж би хүсээд байгаа юм. Юутай ч Ардчилсан нам дангаараа биш УИХ-д суудалтай намууд хүсэл зорилгоо нэгтгэн, өргөн зөвшилцөлд хүрэх ёстой. Түүнээс биш надад хэн нь Ерөнхий сайд байх нь хамаагүй. Н.Алтанхуяг бол муу хүн биш, хөдөлмөрч хүн, үнэхээр зүтгэдэг хүн. Н.Алтанхуягийн муу сайндаа биш, асуудлаас яаж гарах вэ гэдэг дээр ярьж байгаа юм. УИХ-ын цөөнх бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт хийж өгөхгүй юм байна гэдэг зүйл харагдаж байгаа юм. Тэгэхээр Н.Алтанхуяг биш юу бол хэн юм бэ. Бид өргөн зөвшилцөл хийхийн тулд яах ёстой вэ.Манай зарим гишүүд хуулийн төсөл барьчихсан явж байна л даа. Тэр нь юу вэ гэхээр УИХ дахь суудлынхаа хувь хэмжээгээр энэ Засгийн газрыг яагаад бүрдүүлж болохгүй гэж. Энэ бол нэгдэж буй нэг хэлбэр, бодлогоо л нэгтгэсэн байхад хэн нь хийж хэрэгжүүлэх вэ гэдэг чинь дараагийн асуудал.
-Шинэ Ерөнхий сайд томилогдлоо гэхэд эдийн засаг орвонгоороо өөрчлөгдөнө гэж байхгүй биз дээ?
-Дахиад хэлье. Хэрэв УИХ дээр том нэгдсэн зөвшилцөл хийж чадвал цаана нь бидэнд 3.5 тэрбум ам.доллар байтугай мөнгө бий. Энэ мөнгөөр эдийн засгаа сэргээж чадна. Гагцхүү хямралт байдлаар явахгүйн тулд өргөн зөвшилцөл хэрэгтэй. Өргөн зөвшилцлийг хийхийн тулд лав Ерөнхий сайдыг авч үлдэх хувилбар харагдахгүй байна.
-Өргөн зөвшилцөл гэхээр сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж таарах уу?
-Тэгнэ. УИХ-ын 3/2 ыг бүрдүүлэх шаардлагатай. 100 хувь байвал бүр сайн.
-Төрийн гурван өндөрлөг өчигдөр Их тэнгэрт уулзсан гэсэн. Ямар асуудал ярилцсан талаар танд мэдээлэл байна уу?
-Өнөөдрийн бүлгийн хуралдаан шиг цаашдаа яах вэ гэдэг зарчмаа ярилцсан болов уу. Одоо тулгараад байгаа нийгэм эдийн засгийн бүхий л асуудлаар ярьсан байх.
-Бүлгийн хурал дээр З.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гэсэн зүйл яригдсан гэдэг мэдээлэл байна?
-Бүлгийн хуралдаан 100 хувь ирц бүрдсэн. Намын бүлгийн нийт 35 гишүүн бүгд санал хэллээ. Тэр саналууд дотор тэр байтугай санал гарсан. Гэхдээ нэгдсэн шийдвэр хараахан гараагүй байна.
-Ерөнхий сайдыг өнөөдөр мэдэгдэл хийнэ гэж хүмүүс хүлээжлт байлаа?
-Би хувьдаа мэдэгдэл хүлээж байсан. “Нөхцөл байдлыг ойлголоо” гээд ажлаа өгөх байх гэж бодож байлаа. Харин Ерөнхий сайд мэдэгдэл биш мэдээлэл хийсэн.
-Ерөнхий сайд өөрөө ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн том, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн мэдээж санаа зовж байгаа. Одоо яах вэ, ямар гарц байна вэ гэсэн. Миний байр суурь бол тодорхой. Ажлаа өг гэж байгаа. Гишүүд янз бүрийн байр суурьтай байна.
-АН-ын гишүүд огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулсан л гэх юм. Яг хэн хэн гарын үсэг зурчихсан байгаа вэ?
-Өргөн барьчих хэмжээнд арай хүрэхгүй байна л даа. Өргөн барихын тулд багадаа 19 гишүүн гарын үсэг зурах ёстой. АН нэгэнт Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилсон бол хариуцлага тооцох асуудлыг олонхоороо шийдэх ёстой гэсэн зарчмаар явж байгаа.
-Хэзээ төрийн ажил гацаанаас гарах бол?
-Аль болох хурдан гараасай гэж хүн болгон хүсч байна. Гэхдээ цаг хугацаа орох байх.
С.ОТГОНСҮРЭН