Ардчилсан намын бүлгийн хуралдаан хаалттай болж байгаа юм. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд бидний авсан мэдээллээр олонх намын даргаа хамгаалж үлдэх байр суурьт нэгдсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа нь гайнаасаа илүү. Тиймээс түүнийг огцруулснаар өнгөрсөн хоёр жилийн хичээл зүтгэл талаар болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын сонгуульд олуулаа болж чадсан, 21 аймгийн 16 аймагт нь Ардчилсан нам засаглаж байгаа нь Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа, хичээл зүтгэл гэдгийг УИХ дахь тус намын бүлгийн гишүүд онцолсон гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам хоёр удаа ялалт байгуулсан нь түүнтэй холбоотой. Н.Алтанхуяг намын дарга болсноор Ардчилсан нам орон нутагт анх удаа ялалт байгуулсныг ч дурджээ. Мөн намын даргын албыг нь үргэжлүүлэн хийлгэж ёстой, улс төрийн хөөсөрсөн давалгаанд өртөж, намаараа далаараа тавиулж болзошгүй учраас Ерөнхий сайдыгаа хамгаалж үлдэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн бололтой.
Н.ХУЛАН