135 суманд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

135 суманд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

Төрийн ордонд эхэлсэн сум, дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөлгөөнд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын үндсэн тулгуур нэгж болох сум, дүүргийн хөгжлийг дэмжих зорилгоор иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр  Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлаа  танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас сум хөгжүүлэх чиглэлээр 135 суманд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сумдын эдийн засгийг бэхжүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийн сангаас аймаг, нийслэлд 209,6 тэрбум төгрөг хуваариласан нь газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч нэг суманд дунджаар 250-400 сая төгрөг ноогдож байна. “Сумын хөгжлийн сан”-гийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэснээр орон нутагт тулгамдсан асуудлуудаа иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэх боломж бүрдлээ. Цаашдаа суманд барих цэцэрлэгийн асуудлыг УИХ-аар шийддэг байдлыг халж, хаана, ямар бүтээн байгуулалт хийхээ аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийн санал асуулгын үндсэн дээр шийддэг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ. Орон нутагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихдаа тооцоо судалгаа муу хийдгээс төсвийн хөрөнгө үрэгдэж, үргүй зардал гарч байгааг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуулийн жишээгээр тайлбарлалаа. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилга барьжээ. Сумын хэмжээнд сургуулийн насны 200 орчим хүүхэд байдгаас шинэ барилгын ашиглалт, анги дүүргэлт зэрэгт хүндрэл гарч байна.  Цэнхэрмандал сумын иргэд өөрсдөө сургуулийн асуудлаа шийдсэн бол хүүхдийнхээ тоонд тохирсон барилга барьж, төсөв хэмнэх боломжтой байсныг хэллээ.

 “Шинэ сум” төслийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж, “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд 2014 онд 16 суманд тус бүр 5 тэрбум төгрөгт багтаан дэд бүтцийн асуудлаа шийдэх эрхийг аймаг, орон нутагт шилжүүлсэн. Энэ төслүүд тодорхой үр дүнд хүрсэн ч сумын төвийг шинэчлэх хамгийн зөв загвар бол Дундговь аймгийн Гурвансайхан юм гэж Ерөнхий сайд хэллээ.  Тус сум дээрх төсөл, хөтөлбөрүүдэд  хамрагдаагүй ч сумын төвийн шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах ажлыг нутгийн иргэдийн оролцоо, олон улсын байгууллагуудын туслалцаатайгаар хэрэгжүүлсэн юм.  Гурвансайхан сумын төвийн шинэчлэлийг хийх санхүүгийн эх үүсвэр олох зорилгоор “Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түншүүдийн уулзалтыг  сумандаа зохион байгуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, Мерси Кор, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, АНУ, Канад, Франц, Япон, Солонгос, Австрали зэрэг орны төлөөлөгчид оролцсон байна. Хямд зардлаар ихийг хийх төлөвлөгөөгөө иргэд ярьж шийдээд, өөрсдөө оролцож байгаа нь хандивлагчдын талархал хүлээж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлсэн тусламж, Орон нутгийн хөгжлийн сангаас авсан хөрөнгөөр юу хийж болохыг нутгийн иргэд  хамтдаа ярилцаж шийдсэн нь сумаа  шинэчилж, амьдрах орчноо өөрчлөх үндэс болсон юм.

Цаашид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах, сум, дүүргийн ажлыг дүгнэхдээ  иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх зорилгоор өрхийн эдийн засгийг хэрхэн дэмжсэнийг гол шалгуур  болгох шаардлагатай гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж