Зорилтот хувьчлал буюу Тавантолгойг Энержи ресурст өгөх цаг ойртлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Зорилтот хувьчлал буюу Тавантолгойг Энержи ресурст өгөх цаг ойртлоо

Нийгмийн зорилтот бүлгийнхэнд төрөөс хараа хяналтаа тавьж, тусалж дэмжиж, тэтгэж тэжээдэг.

Тэгэхээр зорилтот бүлгийнхэн гэж нөгөө нэн ядуу “өөрсдийгөө болгох ямар ч аргагүй” хэсэг бүлэг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр тэдэнд өөрсдийгөө төлөөлүүлэн төр, засгийн эрх барихаар сонгосон хүмүүс нь буюу Засгийн газар туслахаас аргагүй юм.

Тэгвэл манай төр, засгийн эрх баригчдын бодлого дунд бас зорилттойгоор хийдэг ажил, хувьчлал, менежмент ч бас байсаар ирсэн ба одоо ч, ирээдүйд ч үргэлжлэх магадлалтай юм. Олныг нуршилгүйгээр одоо хийгдэж байгаа нэгэн томоохон зорилтот ажлын тухайд өгүүлье.

 

Тавантолгойн тухай 268 дугаар тогтоол

Нөгөөдөр менежментийн хувьчлалаар Тавантолгойн коксжих нүүрсний ордыг хэн нэгэнд өгөх гэж байна. Тавантолгойн асуудлаар наймдугаар сарын 20-нд Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргаж, хувьчлах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Энэхүү нэр хүндтэй сонгон шалгаруулалтыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж байгаа.

Энэхүү сонгон шалгаруулалт ирэх сарын нэгэнд дуусна. Шалгарсан компанитай арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгасан. “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх тогтоолыг гаргах болсон нь БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсонтой холбоотой гэх яриа тэр үеэс дуулдсан. Тиймээс ч тэд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих шийдвэрийг 2010 онд УИХ-аас батлан гаргасан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” хэмээх тогтоолоо зөрчин уухайлсаар гаргасан хэрэг. Мөн Тавантолгойг ашиглах тухай 2010 онд тавьж байсан сонгон шалгаруулалтанд тавигдаж байсан шаардлагыг ч Засгийн газрын 268 дугаар тогтоолд үндсээр нь өөрчилсөн.

Засгийн газрын 268 дугаар тогтоолын 1-ийн “Ж”-д “…Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх…” гэж заасан. Тэгвэл энэхүү заалтад тохирох аж ахуйн нэгж Монголд бий юу. Үүнд олон хүн MCS, “Шунхлай”, “Петровис”-ийн охин “Энержи ресурс”-ыг нэрлэж байгаа. Энэ компани л Засгийн тогтоолын шаардлагыг хангаж чадах юм гэдэг нээрээ ч олонд тодорхой. Тэгэхээр Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч нь “Энержи ресурс” компани гэдэг нь ойлгомжтой мэт.

Тогтоолд Тавантолгойд ажиллах компанийн баримтлах шаардлага, үүргүүдийг ч тусгасан. Тавантолгойн ордод менежмент хийх компани нь “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах юм.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий Хятадын “Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах учиртай. “Чалко”-д төлөх өрийн үлдэгдэл 110-120 сая ам.доллар байгаа гэдэг.

Нэгэнт нарийн царигаар төмөр зам тавих асуудал шийдэгдсэн учир 268 дугаар тогтоол ёсоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг тус ордыг ашиглах компани хүлээнэ.

Энэ бүхэн “Энержи ресурс”-ыг л хэлээд байгаа хэрэг. Засгийн газар ийнхүү хагас жилийн хугацаанд ийм л нэг зорилтот сонгон шалгаруулалтыг явуулж, энэ хугацаанд шалгарах компани буюу “Энержи ресурс”-д зориулан тав, зургаан жил гацсан төмөр замын асуудлыг болон бусад асуудлыг төр буюу УИХ-аар шийдүүлж өгч байна.

Ийм л байсан юм бол яах гэж Тавантолгойг төр хураан авсан хэрэг вэ

2008-2009 онд Тавантолгойг “Энержи ресурс”-аас төр булаан авч, ард түмэндээ хувь өгнө гэсэн. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд авч байгаагаа зарлаад байсан. Гэвч “Энержи ресурс”-д тус ордын 4 хувь /зарим нь дарагдсан тоогоор 20 орчим хувь гэдэг. Учир юу гэвэл бүгд нүүрстэй талын таван толгойгоос нэгийг нь буюу хамгийн их кокстой хэсэг нь энэ гэдэг/ үлдэж, бусад нь төрийн мэдэлд шилжээд бөөн баяр болж байж билээ.

Тухайн үед уг компанид хувь эзэмшигчид нь төрийн өндөр дээд алба хашдаг 14 олигархи байсан гэх ба тэдний 11-12 нь нам болон төрийнхөө шахалтаар хувиа зараад гарцгаасан гэдэг. Тэр дунд С.Баярын залгамжлагч Сү.Батболд ч бас байсан ба тэр өөрийн хувиа зарсан хэмээдэг. Ингээд Монгол улсын 2.9 сая ард түмэн 100 жил идээд ч барахгүй хөрөнгөнөөсөө хувьцаатай боллоо гээд л баярлалдсан. Гэвч төр, засаг маань энэхүү үүцээ “юм болгож чадсангүй”. С.Баяр Тавантолгойн ихэнхийг төрд авч өгөөд явсан ч түүний залгамжлагч Сү.Батболд харин чулуу болгож чадаагүй.

Харин ч Б.Баабарын хэлдгээр үнс рүү дөхүүлээд хаясан. Тэр үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан учир Тавантолгойн асуудлыг наагуур нь биш бүр цаад углуургаар нь мэдэх хүний нэг.

Ингээд сүүлийн таван жилд юу болсон гэхээр Н.Алтанхуягийн өөрийнх нь “Алтангадас”-т багтдаг нөхдүүд Тавантолгойн орд дээрх төрийн мэдлийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг удирдаж, тус уурхайг ашиглах хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерүүд гацаанд орсоор ирэв. Энэ хооронд “эх орны хишиг” тараахын тулд Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсийг Хятадын Чалкод 350 сая ам.доллараар барьцаалсан.

Тэгвэл хувийн хэвшил буюу МСS, “Шунхлай”, “Петровис”-ын хамтарсан “Энержи ресурс” компани буюу Ухаа худаг толгойг ашиглагчид Гонконгийн хөрөнгийн биржээс тэрбум ам.доллар босгон цахилгаан станц, автозам, усан хангамж, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр, сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол барьж ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн. Тэдний ганц шийдүүлж чадаагүй юм нь Гашуунсухайтын боомт хүртэл 260 км төмөр зам барих асуудал.

Гэтэл төрийн өмчид очсон хэсэг нь нөгөө тос байтугай ус ч гарахгүй болтол шавхагдаж өрөнд орсон ба техник тоног төхөөрөмжүүд хэмээх хэрэглэгдэхгүй хэдэн тэрбумын хог новш шахсан шахааны газар болон үлджээ. Энэ дунд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ч бас цохиж яваа.

Тавантолгой шинэ буюу хуучин эзэддээ очих нь хамгийн зөв шийдвэр ч байж магад

Тэгэхээр энэ удаа Тавантолгойн менежментийг “Энержи ресурс”-д өгөх нь хамгийн зөв шийдвэр байж болох юм. Өмнө нь нүүрс үнэтэй байх үед Тавантолгойд олборлогч болохоор чихэлдэж байсан дэлхийн үндэстэн дамнасан том корпорациуд энэ удаа орж ирэхгүй нь тодорхой байгаа. Харин ч хувийн хэвшлийнхэн юм бүтээж чаддагийг Ухаа худгийг эзэмшигчид энэ таван жилд хангалттай харуулсан болохоор тэдэнд өгөх нь зөв байх. Гэхдээ л манай эрх баригчдын сонгогч олон түмэн бидэнд байнга Тавантолгой хэмээх “модон чихэр”-ийг цонхны цаанаас долоолгож ирсэнд дургүй хүрээд байх юм.

Мөн улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн өрсөлдөөнд МСS-ийнхэн хэр том гэдгээ ч батлан харуулсан нь энэ. Тэд өнөөдөр Монголын төрөөр нарийн цариг бүхий төмөр зам тавихыг зөвшөөрүүлж, тогтоол гаргуулахаас эхлээд Тавантолгойг буцаагаад тэдэнд өгүүлэх ажиллагааг ч хийлгэж чадаж байгаа нь эндээс ойлгомжтой байна.

Гэхдээ энэ бүхэн Монгол улсад, ард түмэн бидэнд л ашиг тусаа өгч байвал бусад нь хамаа алга. Тэгэхдээ л…

О.ХУЯГ

Эх сурвалж: http://gereg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж