Татварын Ч.Гансүхийн хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Татварын Ч.Гансүхийн хэргийг хэлэлцэнэ

Төсвийн хөрөнгийг тэрбумаар нь халаасалсан хэргээр АТГ-т шалгуулж анхан болон давж заалдах  шатны шүүхээс 3-8 жилийн хорих ял сонсоод байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга  асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох  хэргийг  Улсын Дээд шүүхэд  маргааш хэлэлцэх тов гарчээ.

Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард  таван өдөр хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаал, эрх  мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль  авахыг завдсан, хууль бусаар хөрөнгөжсөн,  албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах  гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу­тайд тооцож, татварын улсын байцаагчаар  ажиллах эрхийг нь найман жилээр хасч, найман  жил   чанга дэглэмтэй хорих ангид ял  эдлүүлэхээр болсон. Мөн бусдаас хахууль авахыг завдсан  үйлдэлд нь 100 сая төгрөгийн хөрөнгө хураах  нэмэгдэл ял оноосон бол хууль бусаар олсон  хоёр тэрбум 845 сая төгрөгийг нь хурааж,  төрд шилжүүлэхээр болсон. Харин  шүүгдэгч  Д.Энхбатад мөн  найман жил чанга дэглэмтэй  хорих ангид ял эдлүүлэх, татварын улсын  байцаагчаар ажиллаж байсан Т.Галмандах, О.Бямбасүрэн, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож,  гурван жил хорих ял оноож, түүнийгээ мөн  хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон билээ. Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сард Давж  заалдах шатны 10 дугаар шүүхэд 12 цагийн  турш хэлэлцээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний  хэлтсийн дарга Б.Жаргалыг цагаатгаж, Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2.8 тэрбум  төгрөг гэсэн үнийн дүнд давхардал гарсныг засч, 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого  болгохоор болж, бусад  холбогдогчид оногдуулсан  ялыг хэвээр баталсан юм. Хоёр шатны шүүхээс оногдуулсан дээрх ялыг хэрэгт холбогдогчид хүлээн зөвшөөрөхгүй  байгаа. Тэдний хяналтын  шатанд гаргасан гомдлыг  Дээд шүүх хэлэлцэх гэж байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж