Үргэлжлэн орсон аадар бороо Аргентины төв хэсэгт үерийн гамшиг дагуулжээ. Үерийн гамшигт Аргентины нийслэл Буэнос-Айрес өртөж, хоёр нисэх буудлын нислэгүүд цуцлагдаж, галт тэрэг, метро ажиллах боломжгүй болжээ. Түүнчлэн Аргентины нийслэлээс 200 км зайтай орших Брагадо хотоос 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн гамшигт илүүтэй өртсөн Брагадо хотод цахилгаан тасарч, байшин барилга гэмтсэн байна. Мөн Буэнос-Айресээс 68 км зайтай орших Лухан хотод үерийн усны түвшин нэмэгдсээр буйгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Аргентины цаг уурын албанаас Буэнос-Айрес муж даяар үерийн гамшгаас сэргийлэхийг анхааруулсан байна.
Аргентинд өнгөрсөн 2013 онд хүчтэй шуурга болсноос Буэнос-Айрос мужид олон хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА