Төрийн ордонд юу болов?

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд юу болов?

Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах байсан ч Өргөдлийн байнгын хорооноос бусад нь хуралдсангүй, төрийн  ордон нам гүм өнжлөө. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын  гишүүдийг томилох асуудлыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. МАН-ын гишүүд,  УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 28 хүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурж аравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснээс хойш 12 хоног өнгөрч буй. Харин Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан шинээр томилох сайдуудын нэрийг өргөн мэдүүлээд 14 хонож байна. МАН, “Шударга ёс” эвслээс дээрх хоёр асуудлаар тус бүр ажлын тав хоногийн завсарлага авснаар асуудлыг хэлэлцэх тов хойшилсон билээ. Тодорхойгүй шалтгаанаар  Байнгын хороодын хуралдаан хойшилсон нь Төрийн ордонд намуудын тохиролцоо хийж байна гэх хардлагыг төрүүллээ. Албан бус эх сурвалж АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга М.Энхболд нарыг өнөөдөр уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан гэж мэдээлэв.

УИХ-ын гишүүн М.Зоригт твитер хуудаснаа “Маргааш өглөө намын бүлэг хуралдаж, Н.Алтанхуяг  мэдэгдэл  хийх болсон  тухай зар ирлээ” гэж жиргэсэн юм. Ямартаа ч  маргааш өглөө АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийх нь. Гэхдээ Н.Алтанхуяг чухам юун талаар ямар мэдэгдэл хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч байнгын хороодоор Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэх учраас үүнтэй л холбоотой мэдээлэл хийх болов уу.  Ерөнхий сайд огцрох эсэхээс Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д. Зоригт, Зам тээврийн сайдад нэр дэвшсэн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар сайдын суудалдаа очих эсэх нь тодорхой болно.

Энэ талаар албан ёсоор хэн ч мэдээлэл хийсэнгүй. Харин сошиал ертөнц, цахим мэдээллийн сайтуудаар өөр өөрсдийн таамгийг дэмшүүлсээр байна. Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 10-15 гишүүн нэмэгдсэн ч гэх шиг барин тавин мэдээллээр өнөөдөр өнгөрч байна.

Өчигдөр БНХАУ-аас ирсэн УИХ дарга З.Энхболд намынхантайгаа яаравчлан уулзсан талаар мэдээлэл байна.

Гэхдээ маргааш асуудал хэрхэн өрнөхөөс энэ бүх мэдээлэл бодит эсэх нь тодрох биз ээ.

Өргөдлийн байнгын хорооны хурлыг эс тооцвол өнөөдөр УИХ ажилласангүй.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж