
Алга болсон залууг АНУ-ын иргэн 23 настай Колэн Макк Рэйн гэдэг аж. К. Макк Рэйн долдугаар сарын 3-ны өдөр Манзуширийн хийд ороод тэндээсээ Цэцээ гүн рүү явж ууланд хоноод ням гаригт сураг тасарчээ. Тэрбээр алга болох үедээ цэнхэр өнгийн даавуун шорт, саарал өнгийн футболк, нарны хар шил, цагаан өнгийн оймс, саарал өнгийн хагас түрийтэй гуталтай явсан аж. Шар өнгийн үстэй, 170-177 см орчим өндөр нуруутай гэж эрэн сурвалжлах мэдээнд дурдсан байна. Сураггүй болсон залуу өөрийн танил Марк Орбирт гэдэг хүнтэй хамт явсан байжээ. Хамт явсан Марк Орбирт Богд уулнаас ганцаараа буцаж ирсэн аж.
Хүн алга болсныг нэлээд хугацаа алдаж мэдээлсэн бололтой. Үүний дагуу эрэн хайх ажиллагааг өнөөдөр үүрээр 04.00 цагаас эхлүүлжээ. Нийслэлийн Аврах отрядын дарга дээд түрүүч Ганболдоор ахлуулсан найман албан хаагч, Төв аймаг, нийслэлийн Налайх, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Эрүүгийн Цагдаагийн газар, хэлтсийн 80 албан хаагч Богд уулыг самнаж залууг хайх ажилд оролцож байгаа ажээ.
Д.ОЮУН