УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар холбогдох албаныхан, Хууль зүйн сайдыг байлцуулан хэлэлцсэн юм.
Төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгааг энэ хэлэлцүүлгийн үеэр ч мөн дурдаж байв. 2004 онд батлагдсан дээрх хуулийн хүрээнд мал хулгайлсан иргэдийн 47 хувьд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош гэсэн үндэслэлээр эрүү үүсгэгдээгүй аж.
Б.ХАНД