УИХ-ын даргын айлчлалаар юу болов | News.MN

УИХ-ын даргын айлчлалаар юу болов

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын айлчлалаар юу болов

УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав

Си Зиньпин: Монгол Улсаас эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын даргын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр, БНХАУ, Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсон. Хоёр улсын хооронд хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улс улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах нөөц бололцоо асар их буйг нотлон харуулж байна. Бид өнөөдөр хүрсэн арвин их түүхтэй хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын  энэ удаагийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдахад чухал түлхэц үзүүлэх “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр улсын парламент хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Хоёр улсын парламент хоорондын харилцаанд  улс төрийн харилцан итгэлцэл чухал бөгөөд Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын даргын зүгээс хамтын ажиллагааны олон чухал саналыг дэвшүүлж байгааг онцолж, нүүрсийг хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана. Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь энэ санал бол Монголын ард түмний төлөө хийх ажил хэмээн дүгнэж  байна.

Сүүлийн үед манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын үр дүнд, хоёр улсын транзит тээврийн асуудал, төмөр замын царигийн асуудал шийдвэрлэгдэж байна. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс төмөр замын царигийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд гүнээ талархая. Монгол Улс БНХАУ-д  эрчим хүч экспортлох саналыг би дэмжиж байна. Монгол Улсаас үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дахин уулзах завшаан тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрээр, энэ оны наймдугаар сард Си Зиньпин даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Душанбе хотноо болсон Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурж буйдаа баяртай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэв. Тухайлбал, нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлдэг. Гэтэл дэлхийн хамгийн том нүүрс импортлогч БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт гаргав.

Мөн Монголын тал “Синопек” корпорацитай синтетик байгалийн хий экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгааг дуулгаж, Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгааг Монгол Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр "Талын зам” санаачилгын хүрээнд баруун чиглэлийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг судлаж үзэх хүсэлт тавилаа.


 

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж,санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт /2014.10.27/ хийв.

Уулзалтын эхэнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян, энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчилсэний хорин жилийн ой, Хятад-Монголын найрсаг солилцооны жил тохиож байна. Бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын парламент хоорондын харилцаа шинэ шатанд гарна гэж найдаж байна гэлээ. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын харилцан айлчлал тогтмолжиж байна. Хятад, Монголын Эдийн засаг бол харилцан биенээ нөхдөг, хамтын ажиллагааны боломж ихтэй. Хятад, Монгол улсууд 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан.

Хятад Монголын харилцаа бол Хятад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Энэ жилийн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, есдүгээр сард Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргах, дэвшил боллоо. Хятадын тал чин сэтгэлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ өөрийн хөгжлийн стратегийн давуу талыг уялдуулан, Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” санаачилгыг хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг нухацтай судалж, Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг судлах хэрэгтэй байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бид түүхийн шинэ боломжийг ашиглан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж буй нь парламент хоорондын харилцаанд чухал үйл явдал. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд талархаж байна.

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг. 2014 оны хувьд, хоёр улсын төрийн тэргүүн нар олон улс, бүс нутгийн уулзалтын үеэр тогтмол уулзалт хийж буй нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна гэдгийг онцлон тэмдэглэж, Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурах саналыг хүлээн авсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороонд талархал илэрхийлэв.

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


 

"CNPC" буюу Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцав.

Петро Чайна компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхааран ажилладаг байна. Тус корпорацийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Петро Чайна” компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзаж, санал солилцов.

Хятадын Үндэсний газрын тосны корпораци буюу CNPC нь газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч Хятадын хамгийн том компани төдийгүй дэлхийн хэмжээнд газрын тосны томоохон ордуудад инженерийн ажил гүйцэтгэн, үйлчилгээ үзүүлдэг компани юм. Хятадын 28 муж, ӨЗО-ыг хамарсан дамжуулах хоолойн болон хадгалах системтэй тус корпораци нь 70 гаруй оронтой хамтран ажилладаг байна.

Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус корпорацийн газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төв нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх газрын тосны холбогдолтой бүх мэдээлэл, үйл ажиллагааг хянаж, цуглуулж байдаг. Нийт нутаг дэвсгэр дээрх газрын тос болон хийн хоолойн нэгдсэн удирдлагын төвтэй болохын тулд 30.000 км шилэн кабель татаж, холбосон бөгөөд одоо хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийгдэж байгаа аж. Мөн энэхүү удирдлагын төвөөс ордуудын мэдээллийг харах, газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойнуудыг хянаж, тохируулга хийдэг болохыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод танилцууллаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд 6.2 тэрбум ам.доллар байсныг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Худалдааны эргэлт ийнхүү нэмэгдсэнээр хоёр улсын бизнес эрхлэгчид, худалдаачид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийн эргэлт тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын компаниудын хувь нэмэр их болохыг онцлов. Тэд уулзалтын үеэр байгалийн хий дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Сайншандын боловсруулах үйлдвэр гэх мэт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол улсаас экспортолж байгаа газрын тосыг боловсруулан, уг тосны хэмжээг харгалзан Монгол Улсад шатахуун болгон татан авахдаа баруун чиглэлээр Кармайн үйлдвэрээс Даянгийн боомтоор, урд чиглэлээр Ганц модны боомтоор сайн чанарын бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх талаар хамтран ажиллах юм.Тийм учраас газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааны талаар тавигдсан асуудлыг судалж боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын Тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, CNPC корпорацийн охин компани “China Oil” компанийн захирал Жао Янг нараар ахлуулан байгуулахаар хоёр тал тохиролцсон байна.


 

“Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюйтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс хийжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Нүүрс хийжүүлэх төслийн чиглэлээр хоёр улс хамтран ажиллах гол шаардлага нь Монгол, Хятад хоёр улсын агаарын бохирдлын өнөөдрийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахын тулд бид нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа бус, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө төр засгийн зүгээс нэн яаралтай хийж хэрэгжүүлбэл зохих ажил гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэллээ.

Мөн тэрээр, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллах төслийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулах санал гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж байгаагаа илэрхийлсэн талаар мэдэгдсэн байна.

“Синопек” корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюй Монгол Улсын Их Хурлын даргыг тус корпорацийн үйл ажиллагаатай танилцсанд талархал илэрхийлээд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байна гэв.


 

УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлэв

З.Энхболд: Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хоёр улсын найрамдалт харилцаа шинэ зарчим, шинэ хэлбэрээр хөгжиж байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ.

Тэрээр уг арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, “Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жил нь мянга мянган жил хил залган оршиж ирсэн Монгол, Хятад хоёр ард түмний харилцааны түүхийн ахархан нэг хэсэг боловч хоёр улс олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрч, шинэ зарчмаар, шинэ хэлбэрээр харилцаж эхэлсэн үе гэдгээрээ онцлог юм. Хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам бүр бэхжиж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна. Хоёр улсын иргэд харилцан зорчих нь нэмэгдэж, соёл, хүмүүнлэгийн солилцооны агуулга, хэлбэр ч баяжиж байна. Хамтын ажиллагаа ийнхүү эрчимтэй хөгжиж байгаа нь юуны өмнө хоёр талын аль аль нь Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч ирсний үр дүн гэж үзэж байна. 2014 он нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой тохиож буй онцлог жил юм.

Ийм онцлог жил миний бие БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсандаа баяртай байна. Айлчлалын үеэр Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизм байгуулахаар тохиролцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Байнгын уулзалтын механизмтай болсноор парламент хоорондын харилцаа илүү гүнзгийрч, хоёр улсын хамтын ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт Монгол Улсад ойрын жилүүдэд идэвхтэй өрнөх нь манай улсад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах өргөн боломжийг гадаадын аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Төмөр замын хамтын ажиллагаа, транзит тээврийн чиглэлээр саяхан БНХАУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь харьцангуй их хэмжээний Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын олон боомтоор хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломжийг олгож буйг тэмдэглэхийг хүсч байна. Эдгээр таатай боломжуудыг хил залгаа оршдог хөрөнгө санхүү, технологи, ажиллах хүчний хувьд давуу талтай БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд юуны өмнө ашиглах боломжтой ” гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг , УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2014-10-29 202.131.228.34

ХАРИН ЭНЭ АЙЛЧЛАЛЫН НЭГ САЙН ТАЛ НЬ МОНГОЛООР ХИЙН ХХОЛОЙ ТАВИГДАХГҮЙ БОЛСОН ТАЛААРХ ШИЙДВЭРИЙГ ЭНХБОЛД ДАРГАД ХЯТАДЫН ТАЛ МЭДЭГДСЭН ЯВДАЛ ЮМ. ОДОО ЭНЭ АСУУДЛААР ТА НАР МӨРӨӨДӨӨД ХЭРЭГГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛСАН БӨГӨӨД ХЯТАДЫН ТАЛ ОРОСТОЙ САЙН АЖИЛ ГЭЖ ӨМНӨ НЬ ХЭЛЖ БАЙСАН НЬ ХЭН ДУРГҮЙЦЭЖ БАЙГААГ ДИПЛОМАТ МАЯГААР ТАЙЛБАРЛАСНЫГ ОДООЛ МАНАЙХАН ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА. ГЭХДЭЭ ХИЙН ХХОЛОЙ МАНАЙ НУТГААР ДАЙРАХГҮЙ БОЛСНЫГ УКРАЙНЫ АСУУДАЛТАЙ ХОЛБОЖ ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГГҮЙ , ТЭХ ТУСМАА УИХ-ЫН ДАРГА ХҮН.

Avatar

Зочин 2014-10-29 122.254.111.170

Эцэг эхчүүдийн анхааралд Уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг Шекспир сургалтын төвийн намрын 2 дах элсэлт хуучин Сүхбаатар дүүргийн дэргэд Цэцээ гүний 318 тоотод явагдаж байна. Англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудын бичлэгийг эхээр нь сонсох, зөв унших, орчуулах, ойлгох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэж суралцагчдын англи хэлний хэрэглээний түвшинг богино хугацаанд эрс дээшлүүлэх болно. Энэ удаагийн курс нь сургуулийн амралттай давхцаж байгаа бөгөөд бид зөвхөн эхэлж бүртгүүлсэн 10 хүүхэдтэй хичээллэх болно. Курс 11 дүгээр сарын 3-нд 18 цагт эхэлнэ. Холбоо барих 94050620. 88084550.

Avatar

zochin 2014-10-29 203.194.118.65

тухайлбал, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс төмөр замын царигийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд гүнээ талархая.eniig yu gej oilgoh ve.hytaduud zahialsan yum bisn uu

Avatar

Зочин 2014-10-29 150.129.143.204

ÿàñàí äàðóóõàí õ¿ëýýæ àâàà âý, óðüñàí þì óó?

Avatar

Зочин 2014-10-29 103.229.120.11

олон удаа зураг л авхуулж дээ

Avatar

Зочин 2014-10-29 202.179.20.251

ЦАХ. ЭКСПОРТЛОНО ГЭДЭГ НЬ САЙН ЯВДАЛ АА

Avatar

bold 2014-10-29 150.129.142.4

nyyrsnii tatvar ni zam barih heregyi gesen yg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж