Алуурчин сүүлт од үлэг гүрвэлийн ертөнцийг мөхөөв
Эрдэмтэд далайн тэнгис ба хуурай газарт 160 сая жилийн турш амьдарч байсан бүх үлэг гүрвэлүүд алга болсон гэх 65 сая жилийн өмнө байгаль, амьтад мөхсөн талаарх олон жилийн маргаанаа цэглэв. Тэд үлэг гүрвэл гэнэтхэн мөхсөн шалтгаан нь манай гаригтай том сансарын биет мөргөлдсөнөөс үүдэлтэй гэдгийг асар их баримтуудад судалгаа хийж байж тогтоожээ. Иймэрхүү таамаг 30 жилийн өмнөөс гарч ирсэн юм. Энэ хугацаанд үлэг гүрвэлүүд мөхсөн шалтгаан нь мөргөлдөөн” байсан гэж батлахаар хангалттай материалыг эрдэмтэд цуглуулсан байна. Палентлогчид, геологчид, геохимичид ба геофизикчид, цаг уурчид зэрэг олон мэргэжилтнүүдийн сүүлийн 20 жилийн ажилд эрдэмтэд дүн шинжилгээ хийсэн байна. Солир унасан гэх таамаглал үнэн гэдгийг батлахад балар цагийн далайг судлагч мэргэдийн тэмдэглэсэн “сансарын сүүлт орны бүтцэд их байдаг иридий хэмээгч бодисны агуулга далай тэнгисийн усанд их байсан” гэсэн дүгнэлт ихээхэн нааштай нөлөөлжээ. Мөн далай организмууд жижгэрсэн зэрэг дүгнэлтүүд ч ийнхүү батлахад нөлөөлсөн байна.
Алив, хамрынх нь хээг сайн авах юм шүү…
Гэмт хэрэгтнүүдийн хамар сэжигтэй
Нууц камерын бичлэгт буусан дүрсээс хамрын хэлбэрээр нь хүнийг тогтоон таних нь гэмт хэрэгтнүүдийг илчлэх ирээдүйтэй арга болно гэж Британийн эрдэмтэд үзлээ. “Хамар бол нүүрний тод томруун хэсэг. Гэтэл түүний биометрийн шинжийг тогтооход ашиглах талаар огт юу ч хийгдсэнгүй. Нүд, чих зэргийг нарийн судлаад харин хамрыг мартжээ” гэж доктор Эдриан Эванс хэлсэн байна. Хамрыг нуухад хэцүү, мөн гоо сайны мэс заслаар хамраа өөрчлөх нь тэр болгон давах даваа биш учраас гэмт хэрэгтнүүдийг танихад хамрыг ашиглах хэрэгтэй гэж Британийн эрдэмтэд санал болгож байна.
Шинжлэх ухааны нээлтийг хэрхэн хийдэг вэ
-Танайд шахмал мөс аль зэрэг их байдаг вэ?
-600 сая тонн
Энэтхэгийн сарны зонд “Чандраян”-д байрлуулсан америк радар Mini-SAR-аас авсан мэдээллийг боловсруулахад сарны хойд туйл хавийн тогоонуудад наад зах нь 600 сая тонн мөс байж болох талтай гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ. Саран дээр ус хайх ажил олон жил үргэлжилж байгаа ба хэрэв ус олдвол дэлхийн дагуул дээр амьдарч болох станцуудыг байгуулах боломжтой. Сар бол “хуурай ертөнц бөгөөд нөхцөл байдал нь гадаргад нь ус үүсэх боломжийг өгдөггүй. Гэвч усны уурыг саранд солирууд “экспортлож” байна гэж эрдэмтэд дүгнэлт хийлээ. Солир саран дээр унахад усны уур нь хөрсөнд нь баригдан хуримтлагддаг гэнэ.