Инээмсэглэлт хавар шиг “Исгэлэн модод” шивнэхүй..,

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Инээмсэглэлт хавар шиг “Исгэлэн модод” шивнэхүй..,

Яруу найрагч, сэтгүүлч дүү Т.Дарханхөвсгөлийн маань мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож буй аж.

Сүх барин ой руу явахад..,
Ургаж буй моддын дуу нүдээ аньсан ч сонсогдоод
Гар хоосон буцаж ирэхэд
“Модоо яасан бэ?” гэх охиныхоо асуултанд
“Маргааш” гэж хариулсаар
Гэм хоргүйхэн амьдарч байна даа.., гэх “исгэлэн сэтгэлт” энэ яруу найрагч
..,Үнэр чинь моддын мөчир бүрт өлгөөтэй хэрнээ
Өөрөө чи энд одоо алга байна
Өнөө өглөө жиргэн ниссэн болжморын
Унагаж үлдээсэн өдийг
Энхрийлэн нандигнаад
Энгэрийнхээ халаасанд хийхийг минь
Голын тэртээгээс харчихаад
Гомдсондоо буцаад явчихсандаа
Өөрөө ирж надад хэлэх хүртэл чинь
Өөрийг чинь хүлээсээр байх болно.., гэж “итгэлээ тэвэрсээр” хүлээх.
Чи л надад өгөх юм бол
Би хор байсан ч ууна
Чиний гэрэлт инээмсэглэлийг
Сүүлчийн удаа харж
Сэтгэлдээ аз жаргал дүүрэн
Амьсгалаа татах болно .., гэж “хайрандаа халуурч”
Их усны мандал дээгүүр
Инээд алдан гүйж явсан
Идэрхэн соныг
Ирээдүйн мөрөөдлөө гэж таниад
Алгаараа хутган
Авч хадгалахыг оролдсон ч
Алдчихсандаа уйлж суусан
Алиахан насны минь дурдатгал..,гэж “хүүхдээрээ эрхэлж”
Шар хийх чимээ гарч
Цас зуухан дээр унана
Шүхэрлэн буухдаа инээлдсэн тэдний
Шимширтэл уйлахыг сонсох яасан хэцүү ..,гэж “орчлонгийн өвдөлтийг” мэдэрч тэрлэсээр яваа энэ яруу найрагч. Би түүнтэй “СЭТГЭЛЭЭС ЦААШ” гэдэг номоор нь танилцаж байсан юм. Аавынхаа тухай бичсэн олон шүлгүүдийг нь санаж байна.

Уйлаагүй шүү ааваа, таны араас
Урт холын аяны хүнийг
Нулимсаар үддэггүй гэсэн
Ухаант сургаалиар тань л болсон шүү
Бөн бөн дуслуудыг
Бусдыг дийлэхийн тулд унагаадаг
Эрх танхи зан минь
Эргэж ирэхгүйгээр явахад тань дууссан шүү..,
Хааяа нэг санахаараа одоо
Хүнээс далд уйлдаг шүү .., гэж “хэрсүүжсэн сэтгэлийн” мөрүүдийг нь зүрх өвдөн уншиж билээ л. “ИСГЭЛЭН МОДОД” номоо надад өгөхөөс нь өмнө би олоод уншчихсан байсан юм. “Цагаан-Уул” наадам дээр тааралдаад “Танд номоо.., “гээд ирэхэд нь “Исгэлэн модод” гэж Хөвсгөлийн, Хангайн хүний л мэдрэх сэрэмж шүү.., Сонин л санагдсан.., Би номыг тань уншсаан” гэхэд гурвалжин нүдээрээ жоохойлгон “Та амжуулчихсан байна шүү” гээд инээж билээ. Яруу найрагч Г.Баяр агсныг үеийнхэн нь түрээд явдаг байхад хамгийн олон удаа тэргэнцэрийг нь өргөж, түрсэн хүний нэг нь байх гэж би боддог юм. Миний нүдэнд л тэгж харагддаг байсан. Тэгээд ч найрагч андыгаа амьд сэрүүн байхад нь

Өдийд танай нутагт сайхан л байгаа даа
Өвсний гунигаар шувууд дуу зохион аялж
Өөдөсхөн охины ойн гүнээс олсон
Хамгийн сүүлчийн ногоон навчин дээрх
Өнө эртний бичээсийг чамаас өөр
Хэн ч олж уншихгүй байгаа даа
Ус захлан явгалсан хэсэг тогорууд
Уужмын холд хүслийг чинь хэрхэн авч явах тухай ярилцаад
Уринаар ирэхдээ чамд ямархан гэгээн зөн тээж ирэхээ
Уянгалуулан дуулалдахыг чамаас өөр хэн ч сонсохгүй л байгаа даа
Танай нутагт өдийд найр гэдэг тал шиг хавтгайраад
Түрлэг нэмсэн дуу яг л нар шиг цацарч байгаа даа
Арван долоотой охины хуриманд ирсэн хүмүүсээс
Аав, эжийдээ хоргодсон гунигийг чамаас өөр
хэн ч мэдэхгүй л байгаа даа
Сарны гэрэл, мэлхийн дууг чи л анзаарч
Сархадын охьд халамцан
урд голынхоо эрэг дээр сууж байгаа даа
Яг одоо дэргэд чинь биднийг байхгүйд
Ялимгүй гунигтай шүлэг тэрлэж суугаа даа.., хэмээн “Санахуй” шүлгээ 2011 онд тэрлэж байжээ. Одоогийн залуу дүү нар Виктор Цойгийн тухай хэр мэддэг ч юм. Оюутан ахуйгаасаа одоо хүртэл шүтэн биширч явдаг алдарт дуучин Виктор Цойгийнхоо тухай би “юм” эрээчиж амжаагүй байхад Хөвсгөл дүү маань “Уй гунигийг минь надад үлдээ” хэмээн түүнд зориулж шүлгэн хөшөө босгосонд талархдаг юм. Утга зохиолын бүтээлийн зам чинь уудам дардангүй ч “исгэлэн сэтгэл” тэй явахад авъяасыг төлжөөдөг гэдэгт итгэнэм. Эрхэм найрагч дүүдээ МЭНДЭЛСЭН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭХИЙН ЯЛДАМД
Яарах хэрэггүй э, амьдралд
Ял, гавъяа хоёр хэзээд л ирнэ
Учран золгох аз жаргалыг
Гараа дэлгэн тосон авч
Отож хүлээсэн уй гунигийг ч
Огт хөндүүргүй хүлээн авах
Асар их сэтгэлийн хатыг
Анх төрөхдөө л хүн олж авдаг
Жигүүр дэлгэн нисч
Агаарт тогтож чадлаа ч
Жигүүрээ амраахын тулд шувуу
Газарт буудаг жамтай
Нэлийсэн их талын дундах
Бяцхан өндөрлөг дээрээс
Бодлын манангаа цуулан амраад
Буцаад л гүн хөх өнгөтрүү дэвдэг
Яарах хэрэггүй ээ, энэ амьдралд
Ял, гавъяа хоёр хэзээд л ирнэ .., гэх өөрийн чинь шүлгээр бэлэг барьнам. 2014.10.28.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж