Бизнес эрхлэх орчныг дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэх орчныг дүгнэжээ

Дэлхийн банкнаас улс орнуудын бизнес эрхлэлтийн орчинд үнэлгээ дүгнэлт өгдөг уламжлалтай. Уламжлалын дагуу “Doing business 2015” тайланг гаргаснаа өнөөдөр танилцууллаа.  Нийт 123 орныг багтаасан уг тайлангаар улс орнуудын бизнес эрхлэх орчин нөхцөлийг тодорхойлоод зогсохгүй өмнөх жилээс ахиц дэвшил гарсан эсэх, юунд алдаж, ямар амжилт гаргасныг ч үнэлж цэгнэдэгээрээ онцлог юм. АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны төв байраас эдийн засагч Janna Nasr Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай холбогдож “Doing business-2015” тайланг танилцуулсан юм. Танилцуулга уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь  суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин Түен Нгүен нар сэтгүүлчдийн хамт оролцсон юм. Видео хуралд Монгол Улсаас гадна Соломонийн арлын улс оролцсон юм.

“Doing business” тайланг гаргаж эхэлснээс хойш элхийн олон улс оронд бизнесийн орчинг сайжруулахад чиглэсэн 2400 саад тотгорыг хялбаршуулжээ. Арван жилийн өмнө Колумбын бизнес эрхлэгчид импортоор бараа бүтээгдэхүүн оруулахын тулд  48 хоног зарцуулдаг байсан бол өдгөө 13 хоног болон буурч, Португальтай адил болсон гэнэ. Мөн Сенегалд бизнес эхлэн эрхлэхийн тулд 57 хоногийн турш хөөцөлддөг байсан бол одоо зургаан хоногийн дотор л асуудлаа шийдүүлж байгаа ажээ.

Дэлхийн банк энэ жилийн бизнесийн орчинг тодорхойлохдоо 100 саяас дээш хүн амтай 11 улсын тухайн улсдаа зэрэглэлээрээ хоёрдугаарт бичигддэг хотын сонгон авч мэдээлэлдээ багтаажээ. Бангладеш, Бразил, БНХАУ, Энэтхэг, Индонези, Япон, Мексик, Нигер, Пакистан, ОХУ, АНУ зэрэг орны хоёр дахь зэрэглэлийн хотуудыг сонгон бизнесийн орчинг тодорхойлсон нь бас нэгэн онцлог байсан байна.  Энэ жилийн хувьд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дотроо бизнес эрхлэлтийг хамгийн сайн хялбаршуулсан орноор Сингапур шалгарчээ. Харин дэлхий нийтийн хэмжээний “ТОП-10” улсад Шинэ Зеланд, Хонконг, Денмарк, БНСУ, Норвеги, АНУ, Их Британи, Финлянд, Австрали улсууд багтжээ.

Харин манай улсын хувьд бизнес эрхлэлтийг үнэлдэг нийт 10 үзүүлэлтээр олгодог 100 онооноос 72 оноо авсан нь бүс нутгийн дундаж үзүүлэлт  /92/-ээс доогуур дүн авсан  байна. Манай улс гадаадын  хөрөнгө оруулагчдын хамгаалал болон татвар хураалтыг хялбаршуулан цахим хэлбэрт шилжүүлсэн, барилгын зөвшөөрөл олгох хугацааг богиносгож, хүнд суртлыг бууруулсан зэрэг эерэг үзүүлэлтээр оноогоо ахиулсан бол хил дамнасан худалдаа, цахилгаан эрчим хүчний хангамжаар тун тааруу үнэлгээ авсан байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж