Монголын харилцаа холбооны салбарын 10 жилийн амжилт | News.MN

Монголын харилцаа холбооны салбарын 10 жилийн амжилт

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Монголын харилцаа холбооны салбарын 10 жилийн амжилт

Мэдээлэл, холбооны салбар нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд хамгийн хурдан,эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа салбарын нэг гэж “Монгол улсын  мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого”- д тодорхойлжээ. Мэдлэг мэдээлэл хөгжлийн гол зэвсэг болсон энэ цаг үед бид сүүлийн 10-аад жилд энэхүү салбарт хэрхэн өсөж дэвжсэн хөгжлийн ямар “зэвсгүүдийг” гартаа атгаж амжсаныг сонирхож үзэхээр шийдлээ. Улс орны хөгжлийн хурдасгуур мэдээллийн технологийн хөгжлийн тухай хамтдаа сонирхоцгооё.

Үүрэн телефоны үсрэнгүй хөгжил – мэдээллийн хурдны зам

Анхлан Мэдээлэл, харилцаа холбооны дэд салбаруудын мастер төлөвлөгөө, хөтөлбөр төслүүдийг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн  бөгөөд 2000 оноос хойшхи 10 жилийн хугацаанд хот хөдөөгийн шилэн кабелийн болоод агаарын сүлжээг бий болгосоноор ирэх хэдэн арван жилийн хөгжлийн хурдны замыг тавьж чаджээ.

Өнгөрсөн 10 жилийн түүхэн хугацаандаа мэдээллийн “хурдны зам” гэгдэх шилэн кабелийн сүлжээний нийт урт 13.762 км, Радио релейний сүлжээний урт 8.400 км-т хүрч, манай улсын бүх аймаг сумын төв, томоохон суурингууд газрын болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдож, нийт хүн амын дийлэнх хувь нь  энэхүү технологийн дэвшлийг ашиглах боломж бий болсон гэж ойлгож болох юм. Энэхүү үсрэнгүй хөгжил, сүлжээг бий болгоход БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдсан “Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээ” төслийн ач холбогдол, гүйцэтгэсэн түүхэн үүргийг бодитоор үнэлэх ёстой.

Холбоо мэдээллийн цогц тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч ZTE корпорацийг сонгон нийслэл, бүс нутаг, Монгол орныг хамарсан үүрэн болон суурин холбоо, дамжуулал, өгөгдлийн сүлжээнүүдийг байгуулахад дэвшилтэд технологи, оновчтой шийдэл, бүхий  тоног төхөөрөмжүүдийг ашигласан нь аливаа эрсдэл хүндрэлгүйгээр үүрэн телефон үсрэнгүйгээр хөгжихөд нөлөөлсөн гэж дүгнэхээр .

Мэдээллийн технологийн дамжуулах сүлжээг төрийн болон төрийн оролцоотой байгууллагууд тавьж “хурдны зам”-тай болсноос  гадна өнгөрсөн хугацаанд Мобинет, Жэмнэт Skynetworks зэрэг компаниуд  зоримог хөрөнгө оруулалт хийж “хурдны зам” тавих ажилд ханцуй шамдан орсноор өнөөдөр бид 3G, IPTV зэрэг өндөр хурд, өргөн зурвас шаардсан үйлчилгээг  хот хөдөөний алинаас нь ч авах боломжтой болжээ.

Үндэсний хиймэл дагуултай Монгол улс

Монгол Улс 2016 он гэхэд үндэсний хоёр төрлийн хиймэл дагуултай болно. Хиймэл дагуулууд маань тандан судалгааны болон харилцаа холбооны гэсэн үүрэг зориулалттай хоёр өөр орбитод байрлах юм. Холбооны хиймэл дагуул нь дэлхийгээс 36000 км алслагдсан тойрог замд байрлах бөгөөд бидний өдөр тутам ашигладаг харилцаа холбоо, интернет, телевиз, гар утасны үйлчилгээнд ашиглагдах юм. Тандан судалгааны хиймэл дагуул нь харьцангуй нам орбитод байрлан судалгаа шинжилгээнд ашиглагдах олон төрлийн дүрст мэдээллүүдээр биднийг хангах боломжтой болох юм.Мэдээж ашиг тусыг нь тоочоод баршгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд мал аж ахуйдаа ашиглаж бэлчээрийн даац , өвөлжилтийн байдал гээд л хэрэгцээтэй бүх л мэдээллээ бид өөрийн хиймэл дагуулаасаа авах боломжтой болох юм билээ.

Өндөр хурдны өргөн зурвас

Дэлхий нийтээр улс орнууд харилцаа холбооны сүлжээ болон үйлчилгээний хөгжлийн дараагийн үе шат болгон өндөр хурдны өргөн зурвасын хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтыг өөр өөрийн орны нөхцөл байдалд тохируулан тодорхойлж байна. Суурин компьютерээс эхлээд гар утас хүртэл бүх л төрлийн төхөөрөмж болон төрөл бүрийн технологи бүхий сүлжээг ашигласан өндөр хурдны өргөн зурвас нь өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг бий болгож, мультимедиа холболтыг бүрдүүлэн, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, интернэтийг илүү сайн чанартайгаар авах боломжийг бүрдүүлдэг байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 5.2.5, 5.3.5 дугаар зорилтуудад утасгүй хөдөлгөөнт холбооны технологи 3G, 4G-ийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан юм . Монгол Улсад интернэтийн үйлчилгээ нэвтэрч эхэлсэн 1996 оноос хойш өнөөдрийн байдлаар интернэтийн харилцан холболтын зангилаа төвийг өргөтгөн сайжруулсны үр дүнд интернэтийн үйлчилгээ эрхлэгч бүр 1 гегабитээс 10 гегабит хүртэлх урсгалыг дангаар авах нөхцөл боломж бүрдсэн байна. Олон улсын интернэтийн урсгалын хурд, багтаамжийг 2004 онтой харьцуулахад 33 дахин /78 Мб/сек-2,5 Гбит/сек/, интернэтийн урсгалын бөөний үнийг 15 дахин /2300 ам.дол-150 ам.дол/ бууруулж чадсан нь хэрэглэгч бидэнд чухал зүйл мөнөөс мөн.

Хөдөөгийн холбоо

Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235.000 байсан бол өнөөгийн байдлаар 3 саяар тоологдох болсон байна. Монгол орны 21 аймаг 285 сум суурингийн хаанаас ч бид дэлхийтэй холбогдож дуу дүрсний гайхамшгийг мэдэрч чадаж байгааг үсрэнгүй хөгжил гэхэд буруудахгүй биз.

2000 оны эхэн үест хөдөөгийн малчид, иргэд үүрэн холбоотой нөхөрлөх нь битгий хэл сумын холбоон дээр өнжин байж өөр хоорондоо холбогддог үес саяхан.

Улсын хөгжил холбоо, мэдээлэл дамжуулах хурдаар тооцогдохыг тухайн үеийн салбарын удирдлага Ч.Сайханбилэг тэргүүтэн харж “Хөдөөгийн холбоо” буюу CDMA-450 төслийг боловсруулан хэрэгжүүлсэн нь тухайн үедээ ихэд шүүмжлэгдэн “…хотын сүлжээгээ бүрэн болгоогүй байхад хөдөөгийн сүлжээ хол хэвтэнээ” гэж тавласан хүмүүс ч цөөнгүй байсныг санаж байна.

Дайран дээр давс гэгчээр тухайн үест шинэ тутам хөгжих Монголын зах зээлийг үл тоосон барууны төхөөрөмж нийлүүлэгчдийн санал болгосон үнийн санал Монголын тухайн үеийн боломжтой тэнгэр газар шиг зөрүүтэй байсан нь үнэн .

Энэ л эгзэгтэй үед ZTE Корпараци өөрийн дэлхийд тэргүүлэх технологи, төхөөрөмж, ноухаугаараа Монголд нэвтэрсэн нь Монгол дахь харилцаа холбооны салбарт  эрүүл өрсөлдөөнийг авчирч, барууныхны үнийн хэт хөөрөгдлийг хэдэн дахин буулгасан нь бас л үнэн түүх .

Өдгөө “Хөдөөгийн холбоо” төсөл нь бидний мэдэх G Mobile компанийн үүсэл болж Үндэсний гэх тодотголоор улс орон даяар тархсан хамгийн найдвартай сүлжээ, иргэдийнхээ хэрэгцээнд  нийцсэн хамгийн боломжит  үнээр үйлчлэх болсон мөн л энэ салбарын түүхийн нэг хэсэг болон үргэлжилж байна.

Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжлээ

Телевизийн нэврүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн ажиллагааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар болон харилцаа холбооны салбарын байгууллагууд хамтран энэ оны 7-р сарын 31 –нд зохион байгуулсан .Одоогоор аналоги болон тоон систем хослон явж байгаа  бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд тоон системд бүрэн шилжих юм. Энэ ажлын бэлтгэл 2010 оноос эхэлсэн  бөгөөд 330 нэгжид дахин дамжуулах станц суурилуулжээ. Эфирийн телевиз тоон системд шилжсэнээр үзэгчид дуу, дүрсний өндөр чанартай телевизийн сувгуудыг хүлээн авахаас гадна Тоон систем нь хөдөлгөөнт хэрэглэгчийг дэмжин ажиллаж , эрчим хүчийг хэмнэхээрээ эдийн засгийн болоод технологийн хувьд чухал үр дүнг үзүүлэх юм байна.

Мөн Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг хэмнэж, өөр шинэ дэвшилтэд технологийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл бид дуу дүрсний гайхамшгийг дэлхийн түвшинд мэдрэх бололцоо бий болсон гэсэн үг. Энэ бас нэгэн дэвшил биш гэжүү.

“Цахим Монгол” үндэсний хөтөлбөр буюу цахимжсан нь 

Засгийн газрын 2005 оны 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлсэн юм. 2016 он хүртэл хэрэгжих "Цахим засаглал» үндэсний хөтөлбөрийн хүрээнд цахим дэд бүтэц, кибер орчны хууль эрх зүй, олон нийтийн цахим мэдлэгийг бодитой сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх гэсэн дөрвөн багц асуудлыг шийдвэрлэхээр зорисон юм байна.Уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт болох кибер орчны эрх зүйн орчин манайд эхнээсээ бүрдэж эхлээд байна. 2012 онд бат­лагд­сан 2013 оны 1дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Цахим гарын үсгийн тухай хууль» нь үүний эхлэл байсан бөгөөд УИХ-д удахгүй өргөн барьж хэлэлцэгдэх "Кибер аюулгүй байдлын хууль» болон "Өгөгдөл хамгааллын тухай хууль»-иуд батлагдсанаар цогц эрх зүйн орчин бий болох юм.үүнээс гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүнд сурталгүй болгох үүднээс цөөнгүй үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн.

Үүний нэг жишээ бол Төрийн үйлчилгээг шуурхай хүргүүлэх зорилгоор “ТҮЦ МАШИН” -ыг 108 цэгт байрлуулж түүнээс иргэний бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүд мөн татвартай холбоотой лавлагаа мэдээллүүдийг авч болох боломжоор нь хангасан юм. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчилсөн гэх энэхүү “ТҮЦ машин”-ыг   “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” гэж нэрлэгдээд байгаа.

Үндэсний Дата төв

Өнөө үед дэлхий даяар олон сая хүмүүс дэлхийг бүсэлсэн шилэн кабель, харилцан холболтоос гадна интернэт контент гэх зэргийн тасралтгүй хөгжүүлэлт хийгдэж байна. Орчин цагийн дата төвүүд “Cloud” буюу үүлэн тооцооллын технологийн ачаар гар утас, зөөврийн компьютер зэрэг хэрэгслүүдээр орон зай, цаг хугацааг үл хамааран мэдээ, мэдээллийг шуурхай авч, түүнийг ашиглах, нэмүү өртгийн зардлыг багасгаж байгаа нь энгийн хирнээ өмнөх цаг хугацаанд хэний ч төсөөлөөгүй ойлголт байсан гэж Үндэсний Дата төвийн удирдлага өөрсдийн үйл ажиллагааныхаа танилцуулгад дурьджээ. .Энэ төв нь төрийн цахим дата, мэдээ мэдээллийн боловсруулалт, хэрэгжүүлэлт, холболт, хадгалалт, хамгаалалтанд анхааран ажиллахаар  2009 онд байгуулагдсжэээ “Цахим Засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн автомат тооллогын систем, ТҮЦ машин, Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем, Камерийн торгуулийн систем, Цахим татварын систем, Цахим тендер, Цахим виз, Албан журмын даатгал зэрэг улс орны хэмжээнд эдгээр томоохон ажлуудыг хамтран, хавсран, хийснээрээ эдийн засгийн хувьд асар их хэмнэлт гаргасан юм.

Дүгнэлт

Эцэст нь энэ бүхнээс багахан дүгнэлт хийхэд манай  мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц бүхэлдээ тоон технологид шилжсэн, Олон улстай шилэн кабелиар болон сансрын холбоогоор холбогдох гарцтай,  мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц нь аль нэг улсаас дангаар хараат бусаар ажиллах боломжтой, ZTE зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд монголд үйл ажиллагаа явуулснаар харилцаа холбооны зах зээл нь өрсөлдөөнт хэлбэрт шилжиж либеральчлагдсан гээд энэ салбарт гарсан ололт амжилтуудыг дурьдахад олон бөгөөд тааламжтай байна.  Хамгийн чухал нь бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад энэ бүх технологийн “зэвсгүүд”  улсын хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болох  билээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж