АН-ын жирийн гишүүд Ж.Батзанданг хөөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

АН-ын жирийн гишүүд Ж.Батзанданг хөөхийг шаардав

Ардчилсан намын хөдөө орон нутгийн гишүүдээс намын удирдлагууддаа хандан шаардлага тавьсан байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд  тус намын гишүүн Ж.Батзандан тэдэнтэй санал нэгдсэн нь жирийн гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлсэн байна.  АН-ын орон нутаг дахь 20 гаруй хороодоос намынхаа бодлогын эсрэг ажилласаар ирсэн хэмээн Ж.Батзанданг буруутгаж, түүнийг хөөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан бололтой. Ардчилсан намын орон нутгийн гишүүд УИХ-ын бүлгийнхээ гишүүдэд хандаж,  дотоод эв нэгдлээ эрхэмлэх, улс орны хөгжлийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байдлыг ханган ажиллах хэрэгтэйг сануулсан аж. УИХ-д Ардчилсан намын нэрээр дэвшин, сонгогдсон нь  хувь хүн болон намын төлөө өгсөн санал шүү гэдгийг ч анхааруулсан байна.  Ж.Батзандангийн хувьд гудамжны улс төр хийж гаршсан, бусдыг шантаажилж сурсан аргаа хэрэглэж байгаад харамсч буйгаа орон нутгийн хороодын гишүүд илэрхийлжээ. Цаашид намын нэрээр сандал суудал, эрх мэдэл хүрчихээд намаа бусниулдаг, намын гаргасан хөтөлбөр, бодлогын эсрэг ажилладаг хүмүүстэй хариуцлага ярьж байхыг ч сануулсан гэх.  Ямар ч байсан Ж.Батзандангийн гаргасан үйлдлийг буруутгаж, түүнийг хөөх шаардлагыг одоогоор тус намын  Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцээгүй байгаа сурагтай. Учир нь Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль эзгүй байгаа тул Ж.Батзандан гишүүний асуудлыг хараахан хэлэлцээгүй байгаа гэнэ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж