Р.Амаржаргал: Найзан дундаа дүлэгнээд байна

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: Найзан дундаа дүлэгнээд байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Харин Засгийн газраас уг төсөлтэй хамт төсвийн алдагдлыг ДНБ-ий 7 хувьд хүргэх, улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхийг зөвшөөрөх агуулга бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,  төсвөөс гадуур байгаа хэмээн шүүмжлэгдэж буй бондуудыг төсөвт оруулан тооцох агуулгатай Төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн ч байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулснаар Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу өнгөрсөн таван сард өргөн барьж байсан төсвийн мэдэгдэл, төсөөллөө өөрчлөх шаардлагатай болж ийн өргөн барьсан байна. Гэхдээ таван сард оруулж ирсэн төслөөс ДНБ-ийг өсөлтийг 500 тэрбум төгрөгөөр бууруулж тооцсоноос өөр онцлох өөрчлөлт байхгүй аж.

Сөрөг хүчний гишүүдээс төсвөөс гадуур мөнгөн урсгал байгааг шүүмжилж байсан ба гишүүн Ч.Хүрэлбаатар “Өрийг ДНБ-ий 40 хувьд багтаана гэсэн байна. Гэхдээ өр гэдэгтээ юу юуг багтаав, засгийн газрын бондууд багтаагүй биз дээ. Өнөөдрийн хямрал нь хууль зөрчиж төсвийн бодлого явуулсантай холбоотой. Байдлыг ийм болгочихоод байдалд маань тохируулж хуулиа батал гэх чинь зарчимгүй хэрэг шүү дээ. Эдийн засгийн өсөлтийг 7,1 хувьтай байна гэж тооцсон нь өндөр байна. Өнгөрсөн жил ч мөн эдийн засгийн өсөлтийг 10 давна гэж байсан, гэтэл бид 6 орчимд байх нь гэдгийг чинь хэлж л байсан. Ингэж байхаар Чингис, Самурай гэх бондоо төсөвтөө багтаагаад, эдийн засгийн өсөлтөө 3 хувьд байна гээд тооцвол харин болж байна. Ирэх жил эдийн засаг улам хүндэрнэ. Ганц жишээ л гэхэд, 2014 онд төлөх өрийн төлбөрөөсөө дөрөв дахин ихийг, 708 тэрбумыг л төлнө. Эдийн засгаа босгочих мөнгө байсан. Гэтэл 1,5 тэрбум ам.долларын өрийн мөнгө, таван төсөв чинь яагаад эдийн засгийг уруудуулчихав” гэв.

Энд дурдагдсан шүүмж, асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв  болон ажлын хэсгийнхнээс тайлбар өгч “Чингис бонд болон бусад бондыг төсөвт тусгаагүй. Тусгаж, багтаана гэхээр хуулийн хүрээнээс гарчих гээд байсан” хэмээсэн юм. Мөн 2015 оны бодит өсөлтийг 7,1 хувь хэмээн тооцсон үндэслэлээ “Хөдөө аж ахуйн салбарт 9,6 хувь, үйлдвэрлэлийн салбарт 8,5 хувь, үйлчилгээний салбарт зургаан хувийн өсөлт гарна гэж тооцсон. Ингээд нэгдсэн дүнгээр 7,1 хувийн өсөлт гарах тооцоотой” гэж тайлбарласан юм.

Шүүмжийг зөвхөн сөрөг хүчнийхэн хэлсэнгүй. Гишүүн Р.Амаржаргал “Төсөвт хандаж буй хандлаганаас чинь бүх зүйл болж байна. Найзан дундаа дүлэгнээд л, өнөөдөртөө баталчихъя, дараа засна гэх байдлаар төсөвт хандаж байна. Юун хөгжил ярих вэ, гадаад дотоодын бүхий л эдийн засгийн үзүүлэлтүүд чинь уначихаад байхад” хэмээлээ.

Харин төсвийн төсөөлөл, мэдэгдлийг дагалдуулан оруулж ирсэн хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх ёстой байсан юм гэдгийг С.Баярцогт  хэлж “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Гэтэл органик хуульд нь засвар хийлгүйгээр тухайлсан хуулиудад нь өөрчлөлт хийгээд үр дүнд хүрэхгүй. Төсвөөс гадуур байгаа хөрөнгө, санхүүгээ үнэн зөвөөр оруулж ирье, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөе гэхээр хэлэлцэхээс татгалзаад байдаг. Нэг гараараа дэмжиж байна гээд нөгөө гараараа дэмжихгүй гээд байгаатай ялгаа ялга.  Бид ингэж өөрсдийгөө хуурсан зүйл батлаж байх шаардлага байна уу” гэсэн юм.

Эсвэл хуулиа өөрчилж өр авах хуулийн хязгаараа өргөтгөх, үгүй бол төсвийн гадуурх мөнгөн гүйлгээтэйгээ үргэлжлүүлэн явах гэдэг сонголтыг ийн улс төрийн хүчнүүдийн маргааны сэдэв болсоор байнгын хорооны хуралдаан дараагийнхаа хэлэлцэх асуудалд шилжсэн юм.

 


Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж