Театр “Чойжид дагина”-аар хөшгөө хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Театр “Чойжид дагина”-аар хөшгөө хаалаа

Дуурь бүжгийн эрдмийн театр өнгөрсөн ням гаригт Э.Чойдогийн “Чойжид дагина” бүжгэн жүжгээр энэ улирлын хөшгөө хаалаа. “Чойжид дагина” бүжгэн жүжиг нь Буддизмын хэв шинжийг агуулсан бөгөөд хөгжмийг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог зохиож, цомнолыг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бичиж, төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэжээ. Энэхүү бүжгэн жүжгийн гол онцлог нь буддын сэтгэлгээг бүжгээр илэрхийлж гаргаж байгаа нь маш сонирхолтой. Хэдийгээр Европын арга техникээр бvжиглэж байгаа ч агуулга нь буддизмыг бvрэн илэрхийлж чадсанаараа vнэхээр гайхамшигтай бvтээл болсон. Энэ бүжгэн жүжгийг ганцхан үгээр илэрхийлж хэлбэл “гайхамшиг”. Монголын олон сайхан бүжгэн жүжиг байдаг ч “Чойжид дагина” бусдаасаа хамгийн хурдан өрнөлтэй бүжгэн жүжиг. Цаг гучин минут л үргэлжилнэ. Мэдээж дунд нь завсарлагатай.

“Чойжид Дагина” бүжгэн жүжгээс манай балетчид ямар чадварлаг гэдгийг нь харж болно. Ингээд бодохоор гайхамшигтай энэ бүтээлийг монголчууд бид өөрсдөө бүтээсэн гэхээр бахархмаар. Хүний амьдралын утга учир, сайн муу үйлийг сонгодог бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж буй “Чойжид дагина” бүжгэн жүжгийг анх манай тайзнаа 2005 оны аравдугаар сарын 29-нд тоглож байжээ. Эхлэл, төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт тус бүжгэн жүжгийн хөгжмийг театрын хамгийн залуу удирдаач Б.Батбаатар дохив. Харин тайзны ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, хувцасны загвар зохион бvтээгчээр ардын зураач Ч.Гунгаасvхийн охин Г.Оюун нар ажиллажээ. Тэрбээр бурхны шашны хувцсыг балетын урлагтай хослуулан гайхалтай сайхан хувцсыг урлажээ. 

Бүжгэн жүжигт 36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө энэлэн шаналахын эрхэнд бурхнаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч, баясан бүжиглэж байснаа дахин муудаж, үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурхны элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна. Чойжид бүсгүйн дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон гайхалтай бүжиглэсэн. Харин Бурхны элчид М.Од, Эрлэг Номун хааны элчид Х.Мөнгөнхөлөг нар гоцлов. Х.Мөнгөнхөлөгийн хувьд дахиад л эсрэг дүрийг бүтээв. Магадгүй Х.Мөнгөнхөлөгөөс өөр ямар ч бүжигчин Эрлэг Номун хааны дүрийг тийм чадварлаг бүтээж чадахгүй байх гэсэн бодол төрмөөр, хүчирхэг, бас хурц.  

…Бурхны дүр гэнэт тодрон эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулна. Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлэн Бурхны орон руу илгээнэ. Бурхны орон Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ. Энд буян үйлдсэн хүмүүсийн жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдрэнэ. Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлиг буулгаж эх дэлхийд нь буцааснаар бүжгэн жүжиг төгсч, театр хаалгаа хаалаа.

Ирэх намар эргээд уулзацгаая.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж