Гишүүн С.Бямбацогт Сангийн сайдад асуулга тавив | News.MN

Гишүүн С.Бямбацогт Сангийн сайдад асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Гишүүн С.Бямбацогт Сангийн сайдад асуулга тавив

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.
2000-2009 онуудад Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газарт үнэт цаас арилжихыг зөвшөөрсөн тогтоолуудтай миний бие анхааралтай танилцлаа. Эдгээр тогтоолуудад тухайн жилийн төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлэх, эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгийг эргэлтэд оруулах, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарах хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилгоор нийт нэг их наяд 18 тэрбум төгрөгийн бонд арилжих эрхийг тус тус олгосон байна.
Үүнээс зөвхөн 2009 онд 650 тэрбум төгрөгийн бонд арилжих эрхийг Улсын Их Хурал Засгийн газартаа зөвшөөрсөн бөгөөд энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд олгогдсон бонд арилжих эрхийн 55.1 хувийг эзэлж байна.
Хөрөнгийн зах зээл сайн хөгжсөн гадаадын улс орнуудын хувьд Засгийн газрын бонд нь чухал ач холбогдол бүхий санхүүгийн хэрэгслүүдийн нэгд тооцогддог хөрөнгийн зах зээлийн бүрэлдэхүүн байдаг.
Ялангуяа Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байгаа өнөө үед энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
Иймд дараахь асуулгад хариулт авахыг хүсч байна.
1.    2002-2009 онд Монгол Улсын Их Хурлаас зөвшөөрөл олгосон бондын:
–    Арилжигдсан байдал
–    Эргэн төлөх хугацаа
–    Зориулалт
–    Хүү
–    Худалдан авагч
–    Эргэн төлөлт
–    Хямдрал
–    Бонд арилжаалснаас орсон орлогын зарцуулалт
2. Монгол Улсын Засгийн газрын гаргаж буй бондын гол худалдан авагч нь Монголбанк болон арилжааны банкууд байдаг тухай мэдээлэл байдаг. Үүнтэй холбогдон дараахь асуултууд зайлшгүй урган гарч ирж байна. Үүнд:

–    Бондын арилжаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудыг яагаад оролцуулж болохгүй байна.
–    Эдгээр субьектыг оролцуулсны эерэг, сөрөг тал нь юу байна.
–    Оролцуулж ирсэн ямар практик байна.
–    Засгийн газрын бондын арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах боломж эерэг, сөрөг тал.

3. Аливаа улс орны Засгийн газрын бонд нь эрсдэлгүй үнэт цаас гэж тооцогддог. Тиймээс хадгаламж, зээлийн хүүгийн төвшин багатай орнуудын иргэд, аж ахуй нэгжүүд аливаа орнуудын Засгийн газрын бондыг сонирхож, худалдан авч, тэр хэмжээгээр тухайн улсын гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, мөнгөн хөрөнгийн эргэлт сайжирч, хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлдэг. Манай Засгийн газрын бондын арилжаанд гадны хөрөнгө оруулагч нарыг татах зорилгоор хийсэн ажил, түүний үр дүн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил арга хэмжээ, уг асуудлаар хийсэн судалгаа, тооцоог танилцуулах.

4. 2009 онд Монгол Улсын Засгийн газар алтны санхүүжилтэд зориулж гадаадаас 66.2 сая долларын зээл авч, нэр бүхий таван банкаар дамжуулан алт олборлогч компаниудад зээл олгосон. Энэхүү төслийн явц, зээлдэгч компаниудаас Монголбанкинд алт тушаалт ямар хэмжээнд хэрэгжиж байгаа, Монгол Улсын валютын нөөц нэмэгдүүлэхээр тавьсан зорилтод хүргэсэн эсэх талаар мэдээлэл.

Иймд танай яамнаас Засгийн газрын бондын арилжааг зөв хөгжүүлж, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх хэрэгсэл болгох талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө болон дээрх асуулгуудад дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг Танаас хүсье.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.
                                Д.ЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж