Байнгын хороо хуралдаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Байнгын хороо хуралдаж чадсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар байсан ч ирцийн асуудлаас болж хуралдсангүй.

Тус байнгын хорооны гишүүдээс гадаад томилолттой, мөн МАН-ын бүлгийн гишүүд орж ирээгүй зэргээс ирц хүрэлгүй хоёр цаг орчим хүлээцгээсэн бөгөөд 15.40 цагт эхэлсэн юм.

Ийн арайхийн ирц бүрдэх үед Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн З.Баянсэлэнгэ нь Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулж ирэх санал гаргаж үүнийг нь УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж оруулах дэгтэй гэсэнд дургүйцэн хурлыг хаяж явсан юм. Түүнтэй зөрж гишүүн О.Баасанхүү орж ирсэн ч мөн л “барьцаа хийж” “Өршөөлийн хуулийг хэлэлцэхгүй бол картаа хийж ирцэнд орохгүй” хэмээсэн юм.

Ийн ирц асуудал үүсгэж, хуралдаанаас гарах шийдвэр нь эрх зүйн чадамжтай эсэх тухай хуулийн маргаан өрнөсөн бөгөөд хуралдаан даргалагч Д.Ганбат “Ер нь та нар Байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй шүү дээ. Ийм барьцаа, жүжиг хэрэггүй, ирц хангалтгүй тул хуралдааныг хаалаа” гэсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн 2014 оны зургадугаар дүгнэлтийг хэлэлцэх хуулийн тодорхой хугацаатай байсан ч хэлэлцэж чадсангүй. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж