Монголын ширээний теннисний холбооноос хөдөө орон нутагт ширээний теннисний спортыг түлхүү хөгжүүлэх, хүүхэд залуучууд, ард иргэдийг ширээний теннисний спортоор хичээллэх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, спортоор дамжуулан боловсрол олгох зорилгоор орон нутагт сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Олон улсын ширээний теннисний холбоо/ITTF/-той хамтран зохион байгуулж байна.
Олон улсын дасгалжуулагчийн LEVEL-1 буюу анхан шатны сургалт Улаанбаатар хотноо “Оч” клуб дээр аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна. Сургалтыг Франц улсын мэргэжилтэн Nicolas Petit удирдан явуулж байна.
Уг сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өмнө-Говь, Дорнод, Орхон-Уул, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Хэнтий болон Улаанбаатар хотын клубуудээс нийт 24 багш, дасгалжуулагчид хамрагдаж буй. Сургалтад хамрагдаж буй дасгалжуулагчдын 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь манай мэргэжилтэн багш болон бусад олон нийтийн байгууллагын анхааралыг зүй ёсоор татаж байна.
Сургалт нь онол, практик хосолсон нийт 40 цаг байх бөгөөд үүний 8-н цагийн сургалт нь Пара буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ширээний теннисний сургалт хэрхэн явуулах талаар үзэх болно. Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч амжилттай дүн үзүүлсэн дасгалжуулагчид ITTF-LEVEL-1 гэрчилгээг гардуулах аж.
Олон улсын дасгалжуулагчийн LEVEL-1 буюу анхан шатны сургалт ирэх даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр өндөрлөх юм.
Ч.БОЛОР