УИХ-ын дарга З.Энхболд санамж бичигт гарын үсэг зурав | News.MN

УИХ-ын дарга З.Энхболд санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд санамж бичигт гарын үсэг зурав

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, санамж бичигт гарын үсэг зурав

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2014.10.27/ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийв. Уулзалтын эхэнд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян хэлэхдээ, энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Эрхэмсэг ноён З.Энхболд Та БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзалт хийж, уулзалт  амжилттай болсонд талархаж байна. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчилсэний хоёр жилийн ой, Хятад-Монголын найрсаг солилцооны жил тохиож байна. Бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын парламент хоорондын харилцаа шинэ шатанд гарна гэж найдаж байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянд хандан хэлсэн үгэндээ,  “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж буй нь парламент хоорондын харилцаанд чухал үйл явдал. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд талархаж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг. 2014 оны хувьд, хоёр улсын төрийн тэргүүн нар олон улс, бүс нутгийн уулзалтын үеэр тогтмол уулзалт хийж буй нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурах саналыг хүлээн авсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороонд талархал илэрхийлье гэлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад, Монгол  хоёр улсын харилцан айлчлал тогтмолжиж байна. Хятад, Монголын Эдийн засаг бол харилцан биенээ нөхдөг, хамтын ажиллагааны боломж ихтэй. Хятад, Монгол улсууд 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Хятад Монголын харилцаа бол Хятад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Энэ жилийн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, есдүгээр сард Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд Хятад, Монголын харилцааг  шинэ шатанд гаргах, дэвшил боллоо. Хятадын тал чин сэтгэлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ өөрийн хөгжлийн стратегийн давуу талыг уялдуулан, Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна.  Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” санаачилгыг хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг нухацтай судалж, Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг судлах хэрэгтэй байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бид түүхийн шинэ боломжийг ашиглан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой хэмээн мэдэгдлээ.

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хоёр орны парламентын дарга нарын уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-28 122.254.111.170

Эцэг эхчүүдийн анхааралд Уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг Шекспир сургалтын төвийн намрын 2 дах элсэлт хуучин Сүхбаатар дүүргийн дэргэд Цэцээ гүний 318 тоотод явагдаж байна. Англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудын бичлэгийг эхээр нь сонсох, зөв унших, орчуулах, ойлгох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэж суралцагчдын англи хэлний хэрэглээний түвшинг богино хугацаанд эрс дээшлүүлэх болно. Энэ удаагийн курс нь сургуулийн амралттай давхцаж байгаа бөгөөд бид зөвхөн эхэлж бүртгүүлсэн 10 хүүхэдтэй хичээллэх болно. Курс 11 дүгээр сарын 3-нд 18 цагт эхэлнэ. Холбоо барих 94050620. 88084550.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж