Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа | News.MN

Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий “ Иргэдийн цаг” хэмээх аяныг  эхлүүлсэн билээ. Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн саналыг сонсч эхэллээ. Өчигдрийн хувьд УИХ-ын гишүүд  гурван багт хуваагдан, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.

Сү. Батболд гишүүнээр ахлуулсан багийнхан Сүхбаатар дүүргийн таван хороонд ажиллаж иргэд, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Эрхэм гишүүний хувьд  олон жилийн өмнө  тус  дүүргээс сонгогдон төрийн түшээ болж байсан, тус дүүргийн иргэдийн зовлон жаргалыг багагүй гадарладаг болохоор ч тэр үү гишүүнийг ажиллах сургаар иргэд олноороо  цугласан байв.

Тэд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд 22  дугаар байрны иргэдтэй уулзлаа. Энэ хавийн байрууд Улаанбаатарын дахин төлөвлөлтөд орсон хэдий ч одоо хүртэл хэрхэн яаж шийдэгдэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа тухай учирлаж байлаа. Мөн иргэд энэ тойргоос сонгогдсон гишүүд огт харагддаггүй, ядахдаа зөвлөх, туслах гэсэн хүмүүсээ явуулаад тойрогтоо юу хийж байгаа, иргэд нь хэрхэн амьдарч байгаа талаар танилцаж болно доо гэх шүүмжийг ч дайгаад авна лээ. Харин тус тойргооос сонгогдоогүй ч гэсэн УИХ-д сууж байгаагийн хувиар иргэдтэйгээ уулзаж, бодит байдалтай танилцаж буйд баяртай байгаа иргэд харин олон байлаа. Хүн бүр л зовлон бэрхшээлээ ярих гэж гишүүний хажууд дараалал үүсгэж байсан юм. 22 дугаар байрны оршин суугчдаас гарч байгаа саналын дийлэнх нь дахин төлөвлөлттэй холбоотой гомдол байв. Тус байрыг иргэдээс маш хямд үнээр худалдан авч байгаа хэрнээ дахин шинээр баригдах байрнаас олгохдоо зах зээлийн ханшаар өгнө гэсэн байна. Тэгэхээр тус байрны оршин суугчид шинэ байрнаас авах боломж тун хомс болж байгаа аж. Түүнээс гадна энэ байрыг акталж нураах Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул гаднаас интэрнэт ашиглах, кабелийн телевиз үзэх боломжгүй болжээ. Энэ хавийн айлууд зөвхөн сансар кабелийн сувгийг үзэх хязгаарлагдмал байдалд орсон байна. Энэ мэтчилэн олон санал хүсэлтийг эрхэм гишүүнд уламжиллаа.

Сү.Батболд гишүүн  Сүхбаатар дүүргийн  зургадугаар хорооны иргэдтэй уулзсаны дараа  Оюутны хотхоны дунд ирж, оюутнуудтай уулзсан юм. Оюутан залуус УИХ-ын гишүүнтэй уулзаж санал хүсэлтээ ярих гээд цагийн өмнөөс цугласан гэнэ. Оюутнуудын хувьд аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өссөн байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг ам уралдан ярьсан. Үүнээс гадна оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг  сургалтын голч оноогоор өгнө гэсэн нь тэнцвэргүй байна. Гэтэл улсын сургуулиудын үнэлгээ тун өндөр, харин хувийн сургуулиудын үнэлгээ бага байдаг. Мөн сар бүр олгох ёстой мөнгийг улиралд нэг л удаа олгодог талаар гомдоллож байсан. Үүнд Сү.Батболд гишүүн ”  Сургалтын голч оноогоор тэтгэлгийг олгохыг дэмжиж байгаа. Учир нь оюутан залуус хариуцлагатай, тэмүүлэлтэй байх ёстой. Харин бүр байхгүй болгоно гэвэл торгууль болно. Тэдэнд торгууль биш, урамшуулал хэрэгтэй. Харин голч онооноос дээгүүр байвал хувь тэнцүүлсэн хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарчим баримтлах ёстой “ гэснийг оюутнууд дэмжиж байлаа. Мөн оюутны байрны гаднах орчин тохижилт сайтай, биеийн тамирын талбайтай, хичээлээ давтах номын сантай, нэг ёсондоо оюутны цогцолбортой болохыг хүсч буйгаа ч илэрхийлж байсан. Ер нь оюутны нэгдсэн цогцолбортой болох нь оюутнуудын хөгжилд тун хэрэгтэй гэдгийг Сү. Батболд гишүүн тодотгож байв. Түүнчлэн хүүхэдтэй оюутнууд их байдаг. Гэтэл хүүхдийг нь харах хүнгүйгээс үүдэн сургуулиасаа чөлөө авч, завсардах явдал их гардаг гэнэ. Тиймээс оюутны хүүхдүүдийг хардаг сургууль, цэцэрлэгтэй болох  гэхчлэн оюутны нийгмийн асуудлыг цааш нь УИХ-д уламжилж өгөөч гэсэн хүсэлт оюутнуудаас их гарч байсан юм.

 УИХ-ын гишүүн Сү.Батболдтой уулзаж, уулзалтын зорилго ач холбогдлын талаар лавлахад”  МАН-аас ард иргэдтэйгээ уулзах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Салбар салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсох нь их чухал. Өнөөдөр оюутны  байранд амьдарч  буй оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Улс орны хөгжлийн хамгийн том гарц бол өндөр боловсролтой, чадварлаг ард иргэдтэй байх явдал. Хөгжлийн хамгийн том гарц ч гэж хэлж болно. Тэр ч утгаараа би  боловсролын салбарт их ач холбогдол өгч ирсэн. Цаашдаа ч  боловсролын салбараа бид тогтвортой, ойлгомжтой, хөгжлийн ирээдүйг харсан, улс орны хөгжлийн нэгэн адил авч үзэх ёстой юм байна гэдэгтэй оюутнууд санал нэг байна ” хэмээн ярьсан юм.

Оюутнуудтай уулзсаны дараа иргэдтэйгээ уулзахаар алхацгаалаа. Гудамжаар Сү.Батболд гишүүнийг алхаж явахад нас насны хүмүүс хүрэлцэн ирж, гар барьж мэндчилэн, ажилд нь амжилт хүсч байсан нь нүднээ содон тусах. Багийнхан алхсаар 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байгаа иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг автобусны буудал дээр ирэхэд олон хүн бүчиж авлаа. Тэд шууд л “ Ард иргэдийн амьдрал хүнд байна. Өмнө нь өрхийн амьжиргааны орлогоо тухайн сардаа төлөвлөөд ажил амьдралаа яах уу гэдгээ бодож чаддаг байсан бол харин өнөөдөр өдөр хоногоо хэрхэн өнгөрөөхөө мэдэхгүй болж байна” хэмээн дор бүрнээ хэллээ. Харин ахмадууд “ Бидний тэттгэврийг нэмсэн нэртэй ч бараг нэмээгүй. Тэгээд ирэх оноос автобусанд үнэгүй суухыг болиулна гэх юм. Тэтгэврийн бид автобусанд үнэгүй сууж байгаа нь илүү харагдаж л дээ” гэх гомдлын үг ч дайх аж. Ер нь иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн нь амьдралд маш хүн туссаныг гишүүнд хэлж, ирэх оны төсвийг иргэдэд ээлтэй, амьдралд нөлөөлөхүйц наалдацтай болгоход анхаарч ажиллахыг хүсч байлаа. Мөн эдийн засгийн ядуурлаас гадна оюун санааны ядуурал их байна. Улс орноо удирдаж байгаа хүмүүс нь оюун санааны ядууралтай байхад жирийн иргэд, хүүхэд залуус ямар байх билээ дээ гэж халаглах хөгшчүүл ч  харагдаж байв. Залуу гэр бүлийг орон сууцжуулах, найман хувийн зээлийг тун хэрэгтэй бодлого гэж сайшаах иргэд ч байлаа.Гэвч энэ зээлийн шалгуур өндөр байгаагаас үүдээд залуу гэр бүлүүд бараг хамрагдаж чадахгүй байгаа аж. “Чингис”, “Самурай “ бонд зэрэг ард түмнийг өрөнд оруулан байж авсан тэр их мөнгөний урсгал яаж, ямар арга замаар юунд зарцуулсан бэ  гэж бухимдах нэг нь ч байлаа.

Дараа нь багийнхан Жоби барилгын дэлгүүрийн хойд талд байрлах 10 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Хамгийн их бухимдалтай байсан иргэд энд байсан гэхэд хилсдэхгүй байх. Хүн амрах зайгүй шахам тус дүүргийн талбайд зогсоо зайгүй барилга барьж, нэгэн иргэний хэлснээр амьсгалах агаар ч алга хэмээн зүйрлэсэн нь хэдийгээр инээдтэй сонсогдсон ч бодит байдал нь ийм л байсан. Гэх мэтчилэн очсон газар бүр асуудал ихтэй байлаа. Энэ удаагийн уулзалт зохион байгуулалтайгаар биш байсан болохоор ч тэр үү их энгийн уур амьсгалтай болсон.   Уулзалтын  ерөнхий явцыг харахад иргэдийн амьдрал  гундуухан болжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж