Улс төрийн хямралыг цурамлая

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Улс төрийн хямралыг цурамлая

Улс төрийн хямралын түймэр Монголд улам бүр дүрэлзэж байна. Хүний нийгмийн аль ч үед байсаар ирсэн дайн, хямралаар хөлжигсөд шиг засаглалын хямралд суурилсан бизнес манайд улс орны эдийн засаг, иргэдийн амжиргаа, төрийн алба, хувийн хэвшлийг хамтад нь сүйрүүлж байна. 

Энэ бүхний эх үндэс нь шинэ Үндсэн хуультай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг “News agency”-д өгсөн ярилцлагадаа /http://politics.news.mn/content/192530.shtml/ “Үндсэн хуулийн тогтолцоотой холбохоос өөр аргагүй. Монголд төвлөрсөн гүйцэтгэх эрх мэдэл гэж хаана ч алга. Ерөнхий сайдад байдаг танхимын сайд нараа өөрөө томилж чөлөөлдөг хамгийн чухал эрх мэдэл манайд Ерөнхий сайдад биш, УИХ-д байдаг. Энэ бол Ерөнхий сайдыг ч биш, гүйцэтгэх засаглалын бүхэлд нь хариуцлагагүй болгож байгаа гол шалтгаан. Нөгөө талд нь УИХ-ын гишүүдэд сайд нарыг томилгоогоор улс төр хийх, үндсэн ажлаа хийхгүй засгийг шантаажлах, Ерөнхий сайдыг барьцаалж хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг Үндсэн хууль өөрөө олгож байгаа хэрэг” хэмээн тодорхойлсон.

Үндсэн хуульд “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гээд заачихсан хэрнээ гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрийн багаа бүрдүүлэх эрхгүй, энэ эрхийг УИХ-д олгон “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно” гэж тусгачихсан. Ерөнхий сайд санал болгох л эрхтэйгээс бус томилох эрх байхгүй гэсэн үг. Тиймээс сайд нарыг УИХ томилдог болохоор өөрсдийн хүссэнээрээ асуудлыг шийдвэрлэж байна гэсэн үг. Үүнийг Ерөнхий сайдын УИХ-д оруулж ирсэн шинэ бүтцийн дагуу сайд нарыг өөрчлүүлэх гэсэн үйлдлээс харж болно. МАН-д шинэ сайд нар таалагдахгүй, тэдэнд унах унац байхгүй учраас энэ асуудлаар завсарлага авсан. Ингээд зогсохгүй Үндсэн хуулийн бас нэгэн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ”  гэсэн заалтаар түрий барьж, УИХ дахь МАН-ын 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Банзандан нар Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьснаар бүх зүйл гацаанд орж байна. “Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гээд заачихсан байгаа. Ингээд сайд нараа томилуулахаар оруулж ирсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн наана нь өөрөө огцроход хүрчихлээ.  Дахиад л эх хуулиасаа иш татахад “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалт бий. Н.Алтанхуягийг огцруулчихвал Засаг нь огцорно оо гэсэн үг. Түүнийг огцруулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гээд тусгачихсан байгаа. Ингэхээр мөнөөх 28 дээр нэмэгдэнэ гэж яриад байгаа 10 нөхөр, гомдогсод нийлэхэд л  “Шинэчлэлийн Засгийн газар баяртай” болно.  

Шинэ Үндсэн хуулийн энэ бүх заалтаас үүдэн батлагдсан цагаас нь хойшхи 24 жилийн хугацаанд 12 Ерөнхий сайд солигджээ.  Ингэхдээ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан нь  “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” Пунцагийн Жасрай 1992-1996, “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” Намбарын Энхбаяр нар л байж. Гэтэл 1912-1990 он хүртэл 78 жилийн хугацаанд 15-хан л Ерөнхий сайд байжээ. Хүснэгтээс харна уу!?

.д.

Нэр

Ажилласан хугацаа

Алба хашиж байх үедээ
харьяалагдаж байсан нам

1

Төгс-Очирын Намнансүрэн

1912/11 – 1919/4

байхгүй

2

Гончигжалцангийн Бадамдорж

1919-1920

байхгүй

3

Манзушир хутагт Цэрэндорж

1921/4-1921/7/10

байхгүй

4

Дамбын Чагдаржав

1921/3/13 – 1921/4/16

Монгол Ардын Хувьсгалт Нам

5

Догсомын Бодоо

1921/4/16 – 1922/1/7

Монгол Ардын Хувьсгалт Нам

6

Содномын Дамдинбазар

1922/3/3 – 1923/6/23

Монгол Ардын Хувьсгалт Нам

7

Балингийн Цэрэндорж

1923/9/28 – 1928/2/13

Монгол Ардын Хувьсгалт Нам

8

Анандын Амар

1928/2/21 – 1930/4/27

Монгол Ардын Хувьсгалт Нам

9

Цэнгэлтийн Жигжиджав

1930/4/27 – 1932/7/2

Монгол Ардын Хувьсгалт Нам

10

Пэлжидийн Гэндэн

1932/7/2 – 1936/3/2

Монгол Ардын Хувьсгалт Нам

11

Анандын Амар

1936/3/22 – 1939/3/7

Монгол Ардын Хувьсгалт Нам

12

Хорлоогийн Чойбалсан

1939/3/24 – 1952/1/26

Монгол Ардын Хувьсгалт Нам

13

Юмжаагийн Цэдэнбал

1952/1/26 – 1974/6/11

Монгол Ардын Хувьсгалт Нам

14

Жамбын Батмөнх

1974/6/11 – 1984/12/12

Монгол Ардын Хувьсгалт Нам

15

Думаагийн Содном

1984/12/12 – 1990/3/21

Монгол Ардын Хувьсгалт Нам

Гэтэл 1990 оноос хойшхи нөхцөл байдлыг харахад 2 хон хүн дөрвөн жилийн турш гүйцэд засаглаж бусад нь ямар нэгэн шалтгаанаар огцорсон, ажлаа өгсөн байх юм.

16

Шаравын Гунгаадорж

1990/3/21 – 1990/9/11

Монгол Ардын Хувьсгалт Нам

17

Дашийн Бямбасүрэн

1990/9/11 – 1992/7/21

Монгол Ардын Хувьсгалт Нам

18

Пунцагийн Жасрай

1992/7/21 – 1996/7/19

Монгол Ардын Хувьсгалт Нам

19

Мэндсайханы Энхсайхан

1996/7/19 – 1998/4/23

МҮАНМСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл

20

Цахиагийн Элбэгдорж

1998/4/23 – 1998/12/9

МҮАНМСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл

21

Жанлавын Наранцацралт

1998/12/9 – 1999/7/22

МҮАНМСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл

 

Ням-Осорын Туяа[1]

1999/7/22 – 1999/7/30

МҮАНМСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл

22

Ринчиннямын Амаржаргал

1999/7/30 – 2000/7/26

МҮАНМСДН-ын Ардчилсан Холбоо Эвсэл

23

Намбарын Энхбаяр

2000/7/26 – 2004/8/20

Монгол Ардын Хувьсгалт Нам

24

Цахиагийн Элбэгдорж

2004/8/20 – 2006/1/13

Эх Орон Ардчилал эвсэл

25

Миеэгомбын Энхболд

2006/1/25 – 2007/11/22

Монгол Ардын Хувьсгалт Нам

26

Санжаагийн Баяр

2007/11/22 – 2009/10/28

Монгол Ардын Хувьсгалт Нам

27

Сүхбаатарын Батболд

2009/10/29 – 2012/8/9

Монгол Ардын Хувьсгалт Нам

28

Норовын Алтанхуяг

2012/8/9 –

Ардчилсан Нам

Тиймээс асуудал хүндээ  биш, тогтолцоондоо байна гэсэн үг. Шинэ Үндсэн хуульдаа сонгодог парламентын элементийг тусгасан ч гүйцэд бодож хийгээгүйгээс засаглалын тогтворгүй байдал бий болжээ. Сонгодог парламентын засаглалтай улс, орнуудад ийм явдал болж байна уу гэвэл үгүй. Сонгодог парламентын засаглалтай Англид 1990 оноос 2010 он хүртэлх 20 жилийн хугацаанд гуравхан Ерөнхий сайд, Германд 1982 оноос хойш өнөөг хүртэл 32 жилийн хугацаанд гурав дахь Ерөнхий сайд ажиллаж байх жишээтэй.  Харин манайхтай адилхан парламент нь сайд нараа томилж чөлөөлдөг замаар Франц улс замнаж байсан тэр үед 12 жилийн хугацаанд 21 засаг солигдсон байжээ. Тиймээс ч Францууд Үндсэн хуулиа өөрчилж байж тогтвортой байдлыг бий болгосон гэнэ.

Ийм өөрчлөлт хийхгүй бол гүйцэтгэх засаглал тогтворгүй байхын дээр тэднээс ямар ч хариуцлага нэхээд нэмэргүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь байна уу, Х.Баттулга нь байна уу хамаагүй. УИХ гишүүдийн 19 нь огцруулах санал гаргахад л чуулганаар хэлэлцэх үндэслэл бүрдэнэ. Харин УИХ-ын гишүүдэд сайд нарыг томилох эрх байгаа нөхцөлд энэ нь Ерөнхий сайдыг хэлснээрээ байлгаж, болохгүй бол огцруулах боломж нь байна аа л гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн шантаажилж өөрсдийн хүмүүсээ томилуулах санал гаргах, болохгүй бол ажлыг нь хийлгэхгүй байх бүх чөдөр, тушаа нь улстөрчдөд байна. Төрийн сайдын суудлыг бүлэг, фракцийн хүрээнд наймаалцдаг, түүгээрээ дамжуулаад өөрсдийн бизнесийг хөхиүлэн дэмждэг бүх бугшсан идээ бээрийн голомт нь Үндсэн хууль болчихсон байна гэвэл хатуудахгүй. “Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна”, “Засгийн газар болохгүй байна” гэх үгсийн цаана ийм л эрх ашиг нуугдаж байна. Бидний шинэ Үндсэн хуультай өнгөрүүлсэн 24 жилийн улс төрийн түүх цаашаа ийм замаар явахгүй ээ гэдгийг тод томруунаар харууллаа.

Ирэх онд хэрхэх, айл өрхөөр бол хоолтой хоолгүй байхаа шийддэг төсөв хөрөнгө хэлэлцэх ёстой энэ мөчүүдэд бид сандал суудлын хэрүүлээ хийгээд л сууж байна. Асуудал Н.Алтанхуягтаа биш. Тэр сайн эсвэл муу байхаас илүү гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, хариуцлагаа бүрэн дүүрэн үүрэх эзэн байх чухал. Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхий сайд нь томилох эрх мэдэлтэй, өөрөө түүндээ хариуцлага хүлээдэг систем рүү бид явахгүй бол шантаажны улс төр Монголд улам бүр цэцэглэж байна.  УИХ-ын гишүүд одоо сандал ширээгээ түр огоорч, хариуцлагаа ухамсарлан хамтдаа ширээний ард сууж байгаад  тогтолцоог өөрчлөх цаг нь нэгэнт болсон байна. Цурамлахгүй бол түймэр хүрээгээ тэлсээр л байх болно. Манай төрд нүүрлэсэн засаглалын хямралын түймрийг дарахын тулд юутай ч цурамлаж, цаашлаад дахин гал гаргахгүй байх нөхцлийг нь бүрдүүлэхийг Л.Нарантөгс мэт нь сануулах юун.  

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж