Бээжингийн гудамжаар зорчоорой

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Бээжингийн гудамжаар зорчоорой

БНХАУ-ын Засгийн газрын 59.8 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Бээжингийн гудамны нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газрын захиалгаар “Бээжин констракшн инженеринг групп” 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Зам нь 50-60 жилийн баталгаатай, 71 см-ын хучилттай аж. Хийж дуусаагүй зүйл гэвэл ногоон байгууламж бөгөөд үүнийг одоо хийх боломжгүй тул ирэх хавар 4-5 сард хийхээр төлөвлөжээ. 

Ийнхүү уг гудамж нь хоёр урсгал, зургаан эгнээ, борооны ус зайлуулах шугам сүлжээ, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж нь цогцоор шийдэгдэж буй аж. Замын өргөтгөл, шинэчлэлтэй холбогдуулан замын доторх инженерийн шугам сүлжээг 100 хувь өргөтгөн шинэчилж, хонгилын системд оруулснаараа онцлогтой гэнэ. Мөн 40 метр урттай гүүрийг өргөтгөн шинэчилж 74 метр урттай нуман хэлбэртэй гүүр болгосон байна. Ингэснээр хоёр түвшинд Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Денверийн гудамжтай шууд холбогдон Их тойруугийн хөдөлгөөнд нэвтрэх болжээ.

Уг зам, засварын ажлын үеэр төв зам болон арын замууд өндөр ачаалал авч байсан бөгөөд өнөөдрөөс эхлэн авто замын хөдөлгөөнд оролцогчид Бээжингийн гудамж буюу голын замыг сонгон зорчих боломжтой юм.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж