“Инчён-2014” наадмын шилдэг 100 агшин нээлтээ хийлээ | News.MN

“Инчён-2014” наадмын шилдэг 100 агшин нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

“Инчён-2014” наадмын шилдэг 100 агшин нээлтээ хийлээ

Азийн олимп буюу “Инчён 2014” наадмын шилдэг 100 агшин гэрэл зургийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-нд нээлтээ хийлээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монгол улс  23 төрөлд 233 тамирчнаа илгээж таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж, Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлсэн билээ. Эл наадмын торгон агшинг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжлан албан ёсны гэрэл зурагчнаар ажилласан Ч.Ганбат, Э.Магнайбаяр, Э.Харцага, Б.Мөнхзул нар спортын түүхэн торгон агшинг гэрэл зургандаа буулган ирсэн юм.

Спортын наадмын шилдэг 100 агшинг харж байхад сэтгэл сэрэгмээр баярламаар үнэ цэнэтэй агшнуудыг буулгасан байсан билээ.

Э.ТЭКҮ

 

Ингээд шилдэг зуун агшин фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зарим хүмүүстэй богино хугацаанд уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар:

-“Инчён 2014” наадмын үзэсгэлэнгийн нээлт олныг хамарч байна. Таны хувьд сэтгэгдэл хэр байна вэ?

-Спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагаа цагтаа эхэлдэг гэдгийг л хамгийн түрүүнд хэлмээр байна. Өнөөдөр манай үйл ажиллагаа найман минут хоцорч эхэллээ. Цааш цаашдаа арга хэмжээнүүд маань цагтаа эхлэх болно. Спортын сэтгүүлчдийн холбооны дөрвөн зурагчныхаа үзэсгэлэнг үзсэндээ тун баяртай байна. Гэхдээ энэ бол зөвхөн дөрвөн хүний бүтээл биш юм. Тэдний ард байгаа 17 хүн бүгдээрээ хамт орчуулах зүйлийг нь орчуулж, туслах зүйлсэд нь тусалсан. Нэг баг болж ажилласныхаа үр дүнг бүгдээрээ хамт үзсэндээ баяртай байна.

-Бусад спортын бүх холбоонд урилга хүргүүлсэн гэж сонссон. Чамгүй олон спортын холбооны төлөөллүүд уг нээлтэд ирсэн байна?

-Тийм. Үндэсний олимпийн хороо, ССАЖЯ, спортуудын холбоодуудад илгээсэн байгаа. Ихэнх холбоодын төлөөлөл ирлээ.

 

Зурагчин Ч.Ганбат:

-Олон улсын шинж чанартай наадмуудад олон удаа оролцсон таны хувьд энэ удаагийн наадам юугаараа онцлог байсан бэ?

-Урд нь зуны олимпийн наадам, Азийн наадам, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Зүүн Азийн наадамд тус бүр хоёр удаа нийт найман удаа спортын томоохон наадмуудад ажиласан. Энэ удаагийн Азийн наадмын онцлог гэвэл анх удаа дөрвөн албан ёсны зурагчинтай явж, багаараа ажилласан явдал боллоо. Эл үзэсгэлэн маань зөвхөн бид дөрвийн бүтээл бус 22 хүний ажил юм шүү дээ.

-Та Азийн наадмын торгон агшныг аваад зогсохгүй зураглаач хийсэн гэсэн.

– Зурагчин хийхийн хажуугаар зураглаач хийлээ. Телевизийн сэтгүүлч рүү явуулахыг нь явуулж, шейрлэхийг нь шейрлэсэн. Ер нь хэвлэл мэдээлэл гэдэг салбар ард түмэнд маш том үүдийг нээж өгдөг гэж боддог. Хэвлэл мэдээллийн бүх салбараар “Инчён 2014” наадмыг хүргэснээрээ ийм гоё зүйл болж байгаа юм байна гэсэн мессежийг ард түмэндээ хүргэсэн болов уу. Мэдээж өргөн бүрэн бүрэлдэхүүнтэй багаараа явсан учраас спортын олон гоё торгон агшнуудыг ард түмэн маань уг үзэсгэлэнгээс харах байх аа. Иргэд маань чөлөөт цагаараа өөртөө цаг гаргаад спортод анхаарлаа хандуулаасай, спиртлэг биш спортлог байгаасай гэж боддог. Тэр ч утгаараа энэхүү үзэсгэлэн жаахан ч гэсэн хувь нэмэр болох болов уу.

Спортын сэтгүүлч, зурагчин Б.Мөнхзул:

-Зурагчид ер нь хэр хүрэлцээтэй байсан бэ?

-Спортын бүх төрлүүдийг сэтгүүлчиддээ болон зурагчиддаа хуваасан шүү. Зарим спортын төрөлд хүн хүч маань хүрэлцээгүй байсан учраас очиж амжаагүй. Ер нь наадмын үеэр нилээд ачаалалтай ажилласан. Өглөө 7.00 цагт гараад оройн 12.00-01.00 цаг болж байхад байрлаж байсан байрандаа орж байсан. Миний хувьд өнөөдөр сэтгэл их сайхан байна. Анх удаагаа үзэсгэлэн гаргаж байгаадаа тун баяртай байна. Ер нь “Инчён-2014” наадамд явсаны маань тайлан гэж ойлгож болно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bukh.mn 2014-10-27 150.129.141.68

goe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж