530 тэрбумын зардлыг бууруулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

530 тэрбумын зардлыг бууруулах боломжтой гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Засгийн газарт буцаан татаж дахин өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг сул, иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэггүй төсөв болсон гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Ялангуяа цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, таван төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдаагүй, ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.  

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр ирэх онд хөрөнгө оруулалтыг задаргаагүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөвт тусгасныг шүүмжиллээ.  Тиймээс объект нэг бүрийг мөнгө санхүүтэй нь төсөвт тусгаж баталж өгөх ёстой гэсэн юм. Мөн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих үүрэг ирэх оны төсвийн төсөлд огт хэрэгжсэнгүй. Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ бууруулах бодлогын эсрэг байгааг шүүмжилсэн. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн ирэх оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас анхаарал халамж нэн тэргүүн хэрэгтэй зорилтот бүлгийнхэнд сар бүр 20 мянган төгрөг олгох шаардлагатай байгааг онцлов. Ажилгүй, орлогогүй эмзэг бүлгийнхэнд энэ мөнгө маш их хэрэгтэй нь орон нутагт ажиллах үеэр мэдрэгдэж байгааг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцоллоо. Мөн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг нэмэгдүүлэх, оюутнуудын тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөг болгож, зөрүүг төсөвт суулгах нь зүйтэй гэж үзжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж