Огцруулах асуудлыг эхэлж хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлыг эхэлж хэлэлцэнэ

“Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг эхэлж хэлэлцэнэ”

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж  зарим яамдыг нэгтгэсэнтэй холбогдуулан шинээр томилогдох сайд нарын асуудал хүлээлт үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын  28  гишүүний УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслээс ажлын тав хоногийн завсарлага авснаар уг асуудал энэ долоо хоногийн лхагва гариг хүртэл хойшилсон. Үүнээс үүдэн  Засгийн газрын гишүүдийг томилох  асуудлыг эхлээд хэлэлцэх үү, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эхлээд хэлэлцэх үү гэх асуулт гарч ирээд байгаа. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатараас тодрууллаа.

-Засгийн газрын гишүүнийг томилох, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дарааллыг ямар хуулийн хүрээнд гаргадаг юм бэ?

-Өмнө нь хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой ийм  асуудал гарч байгаагүй. Яг үүнийг зохицуулсан  хуулийн заалт байхгүй. Энэ асуудлаар даргын зөвлөл хуралдаад эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд араас нь сайдуудын  томилгоог хэлэлцэхээр болсон. Тодруулбал аравдугаар сарын 29-ний 9.00 цагаас Төрийн байгуулалтын  байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцхуулах тухай асуудлыг хэлэлцээд тухайн өдрийн 14.00 цагаас  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Ингээд аравдугаар сарын 30-ны Чуулганы хуралдаанаар эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал, дараа нь Засгийн газрын гишүүнийг томилох асуудал гэсэн дарааллаар явна.

-УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг ашиглаж sms илгээсэн асуудлаар УИХ-ын  Тамгын газраас Мобиком корпорацид   албан ёсоор хандсан уу?

-УИХ-ын даргын зөвлөл яаралтай хуралдаад Мобиком корпорацид албан ёсоор хандсан. Ер нь цаашдаа ийм асуудал гаргахгүй байх үүднээс хуулийн байгууллага ажиллах  байх.

-Мобиком-оос хийсэн мэдэгдэлд 20 хүний дугаарыг ашигласан гэсэн. Албан бус мэдээллээр 20-оос олон гишүүний  дугаарыг ашигласан гэх зүйл яригдаж байна л даа?

-Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Мобиком УИХ-ын гишүүдээс уучлал гуйсан уу?

-УИХ-ын  Тамгын газарт уучлал гуйж байна гэсэн бичиг ирээгүй байна. УИХ-ын гишүүдээс уучлал  гуйсан эсэхийг бол мэдэхгүй байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж